08.06

Орон сууцны үнэ бага зэрэг буурчээ


Орон сууцны үнийн "хөөс” задарч, нэг үеэ бодвол тогтворжиж байна хэмээн салбарынхан өнөөдөр "Орон сууцны бирж”-д нээлтээ хийсэн "Орон сууц, барилгын материалын үзэсгэлэн худалдаа”-ны үеэр мэдээлсэн юм. Мөн эдийн засгийн нөхцөл, иргэдийн худалдан авах боломж тааруу, орон сууцны нийлүүлэлт эрэлтээ давсан энэ үед компаниуд уян хатан нөхцөлийг ихээр санал болгож эхэлжээ.
Өнөөдрийн байдлаар нийслэлд энгийн орон сууцны м2-ын дундаж ханш нэг сая 600-700 мянган төгрөгийн хооронд байна. Энгийн орон сууцны хоёр өрөө байрны дундаж үнэ 75 сая төгрөг байна. Харин "Орон сууцны бирж”-д бүртгэлтэй 100 гаруй аж ахуйн нэгжийн 30 орчим хувь нь 10 хувийн урьдчилгаа төлбөрөө өгөөд орон сууцны зээлд хамрагдах боломжийг бүрдүүлжээ.

Орон сууц худалдан авах иргэд жил дараалан буурсаар байна. Гэхдээ орон сууцны үнэ тогтворжих хандлагатай болсон энэ үед бага хүү, урьдчилгаатай зээлээр худалдан авалт хийх захиалгыг иргэд ч өгсөөр байгаа гэв. "Орон сууцны бирж”-д л гэхэд байртай болох хүсэлтэй 100 гаруй иргэн бүртгүүлжээ. Үүний 10 хувь нь бэлэн мөнгөөр худалдан авалт хийх боломжтой гэсэн байна. Харин үлдсэн 80 хувь нь лизингээр орон сууц авах хүсэлтээ илэрхийлжээ.

Иргэдэд орон сууцны үнэ ханш, ипотекийн зээл, бага урьдчилгаатай зээлийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх үзэсгэлэн худалдаа өнөөдрөөс Ням гаригийг хүртэл "Мишээл экспо” төв дэх "Орон сууцны бирж”-д гарна. Иргэд "Орон сууцны бирж”-ээс орон сууцны мэдээлэл, зээлд хамрагдах боломж, төлбөрийн уян хатан нөхцөл, урамшууллын талаар мэдээлэл авч болох юм байна.