Авлигатай тэмцэх газраас албан тушаалтнуудын 2014 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн талаар мэдээлэх, мэдээлэл өгөх журам”-ын 1 дүгээр хавсралтын дагуу бэлтгэн гаргажээ. Улсын хэмжээнд 38423 мэдүүлэг гаргагч бүртгэгдсэнээс 38422 мэдүүлэг гаргагч буюу 99,99 хувь нь бүртгүүлсэн билээ. Авлигатай тэмцэх газарт 2014 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ мэдүүлбэл зохих 270 мэдүүлэг гаргагчийн 268 нь хуульд заасан хугацаандаа мэдүүлсэн байна. Эндээс төрийн өндөрлөгүүд болон УИХ-ын гишүүдийн хөрөнгөөс танилцуулъя.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 400 сая төгрөгийн үнэтэй нэг орон сууцтай ч хувьдаа машингүй гэжээ. Ерөнхийлөгчийн жилийн орлого 80 сая төгрөг бол гэр бүлийн гишүүдийнх нь орлого 10 сая төгрөг гэнэ. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гурван үхэр, 25 адуу, 20 хонь, 15 ямаатай бөгөөд хадгаламжиндаа 25 сая төгрөгтэй. 630 сая төгрөгийн үнэт эдлэл, үнэт зүйлтэй гэнэ. Тэгвэл Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Land Rover”, “Land Rover V”, “Lexus-570” машинтай, нэг орон сууцтай бөгөөд түүний жилийн орлого 21 сая төгрөг бол гэр бүлийн гишүүдийнх нь орлого 140 сая төгрөг. Дансандаа 121 сая төгрөгтэй юм байна. Харин УИХ-ын дарга З.Энхболдын жилийн орлого 45 сая төгрөг бол гэр бүлийн гишүүдийнх нь орлого 26 сая төгрөг. Өөрийн гэсэн хоёр орон сууцтай ч хувьдаа машингүй. Харин хоёр адуу, 50 хоньтой. Дансандаа 22 сая төгрөгтэй.
Хамгийн баян гишүүд хэн бэ
УИХ-ын гишүүдээс хамгийн их орлоготой нь Ж.Энхбаяр аж. Түүний жилийн орлого 3 тэрбум бол гэр бүлийн гишүүдийн орлого 30 сая төгрөг. Тэрбээр хувьдаа машингүй ч 49 адуутай, нэг орон сууцтай. 200 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Дансандаа 2 тэрбум төгрөгтэй гэнэ. Харин түүний араас УИХ-ын гишүүн Г.Батхүү, С.Бямбацогт нар жагссан байна. Г.Батхүүгийн жилийн орлого 1 тэрбум, гэр бүлийн гишүүдийн орлого 15 сая төгрөг. Тэрбээр хувьдаа хоёр орон сууц, “Mercedes Benz S350 L”, “Lexus 570” машинтай. Мөн 420 адуу, 88 үхэртэй. 600 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Дансандаа 7 сая төгрөгтэй. С.Бямбацогт гишүүний жилийн орлого 1 тэрбум, гэр бүлийн гишүүдийн орлого 128 сая төгрөг. Тэрбээр дөрвөн орон сууцтай, “Toyota tundra”, “BMW” машинтай. 18 адуутай. 241 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Дансандаа 40 сая төгрөгтэй.
Тэгвэл УИХ-ын гишүүн С.Одонтуяа гишүүдээс хамгийн олон буюу таван орон сууцтай. Түүний жилийн орлого 279 сая төгрөг. Харин гэр бүлийн гишүүдийн орлого 19 төгрөг. Тэрбээр хувийн унаагүй бас малгүй, үнэт эдлэлгүй. Дансандаа 40 сая төгрөгтэй. Түүнчлэн УИХ-ын гишүүн Г.Баярсайхан мөн таван орон сууцтай. Түүний жилийн орлого 50 сая төгрөг. Гэр бүлийн гишүүдийн орлого 23 сая төгрөг. “Infiniti FX 35”, “Infiniti QX 56” машинтай. 200 ямаа, 50 адуу, 38 үхэр, 500 хоньтой. Дансандаа 200 мянган төгрөгтэй. Су.Батболд гишүүн дөрвөн дөрвөн орон сууцтай, “Toyota Land Cruiser 200”, “Nissan X Trail” машинтай. Мөн 140 адуу, 22 хурдан удмын адуу, 600 хонь, 90 үхэртэй. 110 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Дансандаа 38 сая төгрөгтэй гэнэ. Харин УИХ-ын гишүүн Л.Гантөмөр дөрвөн орон сууцтай. Түүний жилийн орлого 21 сая төгрөг бол гэр бүлийн гишүүдийнх нь орлого 38 сая төгрөг. Тэрбээр “Nissan Teana”, “Hyandai Sonata 5” машинтай. 10 үхэр, 130 адуутай. Дансандаа 9 сая төгрөгтэй.
Ийнхүү орон сууцаар ХОМ тэргүүлдэг гишүүд байхад, машиныхаа тоогоор тэргүүлдэг гишүүд ч байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хоёр орон сууц, “Lexus-570”, “Mercedes Benz G-500”, “Toyota Land Cruiser-200”, “Mercedes Benz”, “Mercedes Benz G-300”, “Mercedes Benz G 55 AMG” машинтай бөгөөд үнэлгээ нь 9 тэрбум төгрөг гэнэ. Гишүүний жилийн орлого 29 сая төгрөг бөгөөд дансандаа 13 сая төгрөгтэй аж. Тэгвэл дансандаа хамгийн их мөнгөтэй гишүүнээр УИХ-ын гишүүн Л.Болд тодорчээ. Тэрбээр дансандаа 19 тэрбум төгрөгтэй. Түүний жилийн орлого 244 сая төгрөг. Гурван орон сууц, дөрвөн адуутай гэнэ. Түүний араас УИХ-ын гишүүн Б.Наранхүү жагссан бөгөөд тэрбээр дансандаа 7 тэрбум төгрөгтэй. Жилийн орлого нь 27 сая төгрөг бол гэр бүлийн гишүүдийн орлого нь 73 сая төгрөг. Нэг тэрбумын үнэтэй хоёр орон сууцтай. Мөн “Rollsroyce Phantom-4”, “Mercedes Benz G-500”, “Land Cruiser standart” машинтай. Түүний машинуудыг үнэлбэл, 1 тэрбум 500 сая төгрөг. 109 хурдан удмын адуутай гэнэ шүү. Эдгээр гишүүд хөрөнгөөрөө толгой цохиж байна. Хэдийгээр олон орон сууц, машин, дансан дахь мөнгөөрөө зарим нь илүүрхэж байгаа ч хувьдаа орон сууцгүй, машингүй, өртэй гишүүд ч байгаа аж. Албан тушаалтнуудын ХОМ-ийн дэлгэрэнгүйг http://www.xacxom.iaac.mn/lenya/iaac/live/index.html цахим хуудаснаас унших боломжтой юм.
С.НАРАН