08.16

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн VII форум Хэнтийд болно

Хэнтий аймгийн Чингис хотод Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн VII форумыг наймдугаар сарын 19-21-нд зохион байгуулахаар болжээ.

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ээс Чингис зочид буудлын “Тэмүүжин” танхимд хэвлэлийн бага хурал хийлгэж тус форумын талаар мэдээллээ. Хэвлэлийн бага хуралд БНХАУ-ын талаас ӨМӨЗО-ы Ардын засгийн ордны хэвлэл мэдээллийн албаны хэлтсийн дарга Циао Саньван, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Гуравдугаар нарийн бичиг Хүчирхэг, Монголын талаас МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид, гүйцэтгэх захирал С.Алтанцэцэг нарын төлөөлөгчид оролцлоо.

Монгол Улс, БНХАУ-ын хооронд стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөр 2013 оноос хэрэгжиж эхэлсэн. Уг хөтөлбөрийн “Хэвлэл мэдээллийн байгууллагуудын солилцоо” хэсэгт, Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форумыг жил бүр харилцан зохион байгуулна, мөн ХМБ-ын төлөөлөгчид харилцан айлчлах, мэдээ, мэдээлэл, сурвалжлага хийхэд шаардлагатай хөнгөлөлтийг тухайн улсаас үзүүлнэ гэж тусгажээ.

Монгол, Хятадын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны тус хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд МСНЭ, Хятадын сэтгүүлчдийн холбооноос 2 орны хэвлэл мэдээллийн форумыг харилцан зохион байгуулж ирсэн уламжлалтай. Тус форумын сүүлийн 3 форумд Монгол Улсын ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүлж хамтын ажиллагаанд амжилт хүссэн билээ.