08.20

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн VII форум Хэнтий аймагт болж байна

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн VII форум өчигдөр Чингис хотноо эхэлсэн. Монгол Улс, БНХАУ-ын хооронд стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөр 2013 оноос хэрэгжсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагуудын солилцоо, хэвлэл мэдээллийн форумыг жил бүр зохион байгуулдаг уламжлал тогтоод байна.

Үүний дагуу өнгөрөгч 2015 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Алшаа аймагт хоёр улсын сэтгүүлчдийн форумыг зохион байгуулсан. Тус форумаар Ази, Европыг холбосон эдийн засгийн коридорыг байгуулах ямар боломж буйг хоорондоо хэлэлцэж, энэ сэдэвтэй холбоотой мэдээ мэдээллийг хоёр улсын хэвлэлийн байгууллагууд, сэтгүүлчид тууштай хөндөн бичиж эхэлжээ.

Энэ жил манай улсад зохион байгуулж буй VII форумаар Монгол, Хятадын харилцаа, хоёр улсын хэвлэлийн байгууллагуудын хамтын ажиллагааны асуудлыг хөндөж байна. Одоогоор үндсэн илтгэлүүдийг тавьж эхлээд байна. Форумд нийт 10 илтгэл тавьж, хэлэлцүүлэх юм. Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн VII форумд хоёр талын 90 гаруй төлөөлөгч оролцож байна.
Эх сурвалж: Zaluu.com