Тавдугаар сарын 2-нд сумо сонирхдог, энэ спортоор хичээллэдэг хүүхдүүдийн дунд Wanpaku sumo тэмцээн хоёр дахь жилдээ болно. Тэмцээнийг зохион байгуулагч Д.Цэрэнпагмаас зарим мэдээллийг тодрууллаа.
- Wanpaku sumo үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү? Хаанахын ямар байгууллага зохион байгуулдаг, ямар онцлогтой арга хэмжээ вэ?
- Энэ тэмцээн жил бүр Япон улсын Токио хотноо зохион байгуулагддаг хүүхдийн сумо бөхийн уламжлалт, томоохон арга хэмжээ юм. Сумо бөхөд сонирхолтой, хичээллэдэг хүүхдүүдийг спортоор нөхөрлөх боломж олгох, бие биенээ хүндлэх хайрлах, тэсвэр хатуужил суулгах, чадварлаг монгол хүүхдүүдийг Японд тэмцээн оролцуулах зорилготой гэгээлэг үйл ажиллагаа болдог. Анхны тэмцээнийг өнгөрсөн жилийн 5-р сард JCI Монгол байгууллага, JCI Токио, Монголын сумо бөхийн холбоо, Зориг сантай хамтран зохион байгуулахад 198 хүүхэд оролцсон. Япондоо бол энэ жил 31 дэх удаагаа болж байгаа юм.
- Энэ жилийн тэмцээн ямар журам шалгаруулалтаар явагдах вэ? Бүртгэлийн талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
- Wanpaku sumo өсвөрийн үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ жил 5-6, 9-10, 10-11, 11-12 гэсэн 4 насны ангиллаар явагдана. Бүртгэлийг 4 сарын 15-29-ний хооронд хийх юм. Хүүхдүүдээ сонирхлынх нь дагуу хөгжүүлэх хүсэл сонирхолтой байвал Зориг сан, Монголын Үндэсний их сургуулийн 1 давхарт 109 тоот, Баянгол дүүргийн 3-р хорооны 4-р байрны 4-р орцны 1 давхарт 184 тоот, Cүхбаатар дүүргийн 1-р хороонд байрлах Юнескогийн гудамж Далай цамхаг гэсэн 4 цэгт очиж бүртгүүлээрэй. Тэмцээн маань 5-р сарын 2-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана. Гол шаардлага гэвэл бүртгүүлэхдээ төрсний гэрчилгээ, зургаа заавал авчрах хэрэгтэй. Тэмцээнийг Монголын Сумо Бөхийн холбооноос Кёкүшюзан Д.Батбаяр болон бусад туршлагатай шүүгчид шүүж, ерөнхий зохион байгуулагчаар JCI Монгол байгууллага ажиллах юм.
- Сумод сонирхолтой хүүхдүүдэд амжилт авчрах тэмцээн болох нь ээ. Өөр ямар үр дүнгүүд гардаг вэ?
- Өнгөрсөн жил бид WANPAKU SUMO тэмцээнийг анх удаа эх орондоо зохион байгуулж, насны ангилал бүрээс шалгарсан 3 хүүхдийг Японы Токиод зохион байгуулагдсан тус улсын өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд бүх зардлыг нь хариуцаж оролцуулсан юм. Монгол хөвгүүд маань маш хариуцлагатай, амжилттай оролцож, 9-10 насны ангилалын аварга Б.Баярболд хүү Япон улсын 40 мянга гаруй тамирчдаас шалгарсан 396 хүүхэдтэй өрсөлдөн 3-р байрт орсон. Эх орныхоо нэрийг олон улсын дэвжээнд гаргаж, монгол хүүхдүүдийн тэсвэр хатуужил, авъяас чадварын үлгэр дуурайл үнэхээр болж чадсан. Бид бахархсан. Энэ жилийн тэмцээний түрүү манлай хүүхдэд ийм боломжийг олгож байгаа.
- Тэмцээний зохион байгуулалтын үед хүүхдүүдийн урам зоригийг сэргээсэн үйл ажиллагаанууд байгаа юу?
- Япон улсын соёлыг сурталчилсан зарим нэгэн арга хэмжээ бий. Мөн 2014 оны аварга хүүхдүүдийг урьж оролцуулан сэтгэгдлийг нь сонсох, бичлэг, зургуудыг нь үзүүлж үе тэнгийнхэнд нь урам зориг өгөхөөр төлөвлөсөн байгаа.
- Баярлалаа. Монгол хөвгүүдээ улам сайн дэмжээрэй.
- Дээр дурдсан насны, сумо сонирхдог хүүхдүүдээ тэмцээнд оролцуулахыг уриалж байна. Цаг үеийн мэдээллээ www.facebook.com/pages/Wanpaku-Sumo-Mongolia/517159758405891 хуудаснаас авч байгаарай.
Баярлалаа.