09.03

Хар салхины нөлөөгөөр бороо орж, цочир хүйтэрнэ

Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс өнөөдөр манай орны зүүн хэсгийг тайфун хар салхи дайрч өнгөрөх талаар мэдээллээ. Энэ үеэр мөндөр, усархаг бороо үргэлжлэн орж, хүчтэй салхилах юм байна. Албаны эх сурвалжийн мэдээлснээр, Японы арлыг дайрч Владивосток орчмоор эх газар дээр гарч ирэн эрч нь суларсан хар салхи манай орны зүүн хэсэгт есдүгээр сарын 3-ныг хүртэл байрлах юм байна. Гэхдээ арлын орнуудад нөлөөлдөг шиг хор хөнөөл манай оронд үзэгдэхгүй ч эрс хүйтрэх аж. Тухайлбал, өнөөдөр ихэнх нутгаар, энэ сарын 3-5-ны хооронд Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орох ба Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар цочир хүйтэрч, зүүн аймгуудын нутгаар 2-3 хоног бороо үргэлжлэн орж, салхины хүч 5-10 м/сек, зарим тохиолдолд 16-18 м/сек хүрэх юм байна. Иймд энэ өдрүүдэд анхаарал болгоомжтой байхыг ард иргэд, тариаланчид, хадланчдад анхааруулж байна.