Монголын хошин урлаг хэмээх их айлд өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрх, авьяас чадвараа тунхаглаж чадсан "Шинэ үе" продакшны захирал Н.Ариунболд буюу Бооёог танихгүй хүн ховор. Ахмад буурлын дүрээс адтай шар охины дүрд хүртэл хувирч үзэгчдийнхээ хайрыг татаж, шинэ залуусаар хүрээгээ тэлж их л амжилттай явсан хамтлагаас хоёр жилийн өмнөөс эхлэн олны хэл ам таталсан үйл явдал хэсэгтээ л тасраагүй. Энэхүү хэл амнаас зугтаж, уран бүтээлийн завсарлага аваад байсан ч нэг л өдөр 20 жил нөхөрлөсөн анд МУГЖ Баттулгатай хамтран “Найзууд” нэртэй тайлан тоглолт хийж олныг баясгаад авсан. Одоо л “Шинэ үе” хэвэндээ орж бүх зүйл сайхан болох нь дээ гэж бодож байсан ч жүжигчин Сөрөлт, Ганбаа хоёрыг хамтлагаасаа гарч, “Эмоци”-д нэгдсэн гэх мэдээлэл гарч эхэллээ. Тэдний араас жүжигчин Отгоо ч мөн л хамтлагаа орхиж байгаа гэнэ. Энэ мэт шуум тарсаар "Шинэ үе" продакшн тарж байна уу эсвэл үнэхээр Бооёо болдоггүй юу гэсэн таамаг хөвөрсөөр байна. Ямартай ч Бооёо бууриа сахиад үлдэх бололтой.