09.07

Гурван орны архелогичдын форум болно

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгээс Монголын археологийн судалгааг бүс нутгийн хэмжээнд гарган өргөжүүлэх чиглэлд олон талт үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлж байгаа билээ. Үүнийн нэг нь тус хүрээлэнгээс ОХУ-ын ШУА-ийн Эдийн соёлын түүхийн хүрээлэн, БНХАУ-ын Ардын их сургуулийн Умардын үндэстнүүдийн археологийн хүрээлэн, ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуультай хамтарсан “Орос, Монгол, Хятадын хил залгаа бүс нутгийн эртний нийгмүүдийн соёлын хувьсал ба харилцан нөлөөлөл: Төв Ази ба Умард Хятадын хадны зураг” сэдэвт эрдэм шинжилгээний хурал юм. Энэхүү хурлыг цаашид жил бүр сэдэв ба оролцогчид нь солигдож тогтмол хуралдах, судалгааны үр дүнгээ нэгтгэн дүгнэх хэлбэртэй төлөвлөж байна. Хурал 9 дүгээр сарын 7-ны өдрийн 09.00 цагт ШУТИС-ийн Нэгдсэн номын санд болно. 
Улаанбаатарт хуралдах гурван орны археологчдын форумын хүрээнд Төв Ази ба Умард Хятадын хадны зургийн судалгааг үндсэн сэдэв болгон авч үзэж байна. Хадны зургийн тархалт, агуулгын хувьд манай улсын нутаг дэлхийд тэргүүлэх байр суурьтай болохын хувьд Монголын археологийн тэргүүлэх чиглэл болж идэвхитэй хөгжиж байгаа билээ. Гадаадад бага танигдсан Монголын хадны зургийн гайхамшигт дурсгалуудыг дэлхийд таниулах, олон улсын хэмжээний мэргэжилтнүүдээр дамжуулан сурталчлах чиглэлд энэхүү эрдэм шинжилгээний хурал чухал алхам болох юм. 
Иймээс тус хуралд Орос, Хятадын хүрэл төмрийн үе, түүний дотор хадны зургийн судалгааны тэргүүлэх судлаачид оролцож байгаа нь уг үйл ажиллагааны ач холбогдлыг ихэд өргөж байна. Тухайлбал, БНХАУ-ын Ардын их сургуулийн профессор Вэй Цзянь, Хятадын Хадны зургийн он цаг тогтоох хүрээлэнгийн захирал, профессор Тан Хуйшэн, Хятадын хадны зургийн судлалын холбооны ерөнхийлөгч Чжан Яша, Оросын Санкт-Петербург хотноо байх Эдийн соёлын түүхийн хүрээлэнгийн захирал, профессор В.А.Лапшин, Сибирийн эртний урлагийн голлох мэргэжилтний нэг профессор В.А.Семёнов нарыг дурдаж болно. 
Хурлын үр дүнд Төв Азийн бүс нутаг, цаашилбал Евразийн хэмжээнд Монголын хадны зургийн эзлэх байр суурийг дотоод гадаадын судлаачдын хамтын чармайлтаар тодруулан гаргаж, дан бүс нутгийн өргөн дэвсгэр дээр хамтарсан судалгааг хөгжүүлэх боломжуудыг нээх юм.