Он гарсаар улсын хэмжээнд 15 аймгийн 58 суманд 85 удаагийн ой, хээрийн түймэр гарсан байна. Харин өчигдрийн байдлаар Дорнод аймгийн Баян-Уул, Дашбалбар, Цагаан-Овоо, Хэнтийн аймгийн Баян-Адрага, Дадал, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Булган аймгийн Баян-Агт суманд гарсан зургаан түймрийг бүрэн унтраахаар ажиллалаа. Дээрх түймрийг цурманд оруулсан бөгөөд салхины хурд их байгаа нь түймрийг унтраахад хүндрэл учруулаад байгаа аж. Түймрийн голомтод Онцгой байдлын алба, Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн алба хаагчид, орон нутгийн иргэд нийт 1760 гаруй хүн, 600 гаруй орчим техник хэрэгслийг дайчлан ажиллаж байна. Тус аймгуудаас хамгийн их хүч шаардаж буй түймэр Хэнтий аймгийн Дадал суманд гарсан нь аж. Тэнд Онцгой байдлын газраас 50 гаруй албан хаагч ажиллаж байгаа бөгөөд нэмэлтээр тус газрын харьяа аврах тусгай ангийн 31 алба хаагч, Багануур дүүргийн онцгой байдлын ажилчид, сумын болон бусад сумын гээд нийтдээ 210 хүн ажиллаж байгаа гэнэ.
АСЧ БАЙГАА ТҮЙМЭР ШОРООН ШУУРГА МЭТ ХУЙЛАРСАН ГАЛЫН ТҮЙРЭН
Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт гарсан хээрийн түймрийн улмаас учирсан хохирлыг тогтоох, нэрвэгдэгсдэд тусламж үзүүлэх, орон нутгийн Онцгой комисст заавар зөвлөмж өгөх, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх арга хэмжээ авах зорилгоор дээрх аймгуудад ажлын хэсэг ажиллаад иржээ. Ажлын хэсгийн ахлагч Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амар “Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн тушаалаар баталсан ажлын хэсэг түймрийн голомт бүхий аймгуудад ажиллаад ирлээ. Түймрийн голомттой нутагт өвсний ургац ихтэй, салхины хурд 10-20 м/с байна. Асч байгаа түймэр холоос шороон шуурга мэт хуйларсан, галын түйрэн гэж хэлж болохоор онцлогтой харагдаж байна. Урьдчилсан байдлаар 40 гаруй айл өрх түймэрт өртөн орон гэрээ алдсан, 3000 гаруй мал хорогдсон тооцоотой байна. Байгаль, экологид үнэлж баршгүй хохирол учирч байна. Ялангуяа Дорнод аймгийн Баян-Уул гэх мэт байгалийн үзэсгэлэнт газар орон, ховордсон ан амьтан түймэрт өртөж, устаж байгаа нь үнэхээр нүд хальтрам, харамсалтай. ОХУ-аас орж ирсэн 4, 5 түймрээс бусад нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэж гарсан гэдгийг хатуу анхааруулмаар байна. Улсын онцгой комиссыг хуралдуулж Засгийн газарт асуудлыг танилцуулахаар бэлтгэж байна. Түймрийн голомтод хүн, хүч олон хоног ажилласан. Аймгуудын нөөц хөрөнгө дуусч байна. Тиймээс Засгийн газрын хуралдаанд шаард- лагатай техник хэрэгсэл, шата хуун, үйл ажиллагааны зардлыг шийд- вэрлүүлэхээр төлөвлөж байна” гэв.
ТУСЛАМЖИЙН ЦУВАА ОРОН НУТГИЙГ ЗОРЬСООР...
ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян “Түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагчид болон ард иргэдэд туслалцаа үзүүлэх хүсэлтэй хувь хүн, аж ахуйн нэгж байгууллага Онцгой байдлын газарт олноороо хандаж байгаад талархлаа илэрхийлэхийг хүслээ. Гал түймэр гарсан аймгуудын хувьд “түймэртэй тэмцэх явцад сум орон нутгийнхаа хөрөнгийг зарцуулж дууссан” гэсэн мэдээллийг өгсөн. Тийм учраас гал түймрийг бүрэн унтраах үйл ажиллагааны зардлыг Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх асуудлыг ярьж байна. Одоогоор тусламж үзүүлээд байгаа “Талх чихэр” , “Мах импекс”, “Баянгол зочид буудал”, “Милл хаус”, “Хатансүйх Импекс”, “Далай ээж”, “Зоргол хайрхан” зэрэг аж ахуйн нэгж байгууллагын хамт олон өөрсдийн үйлдвэрлэдэг хүнсний бүтээгдэхүүн, цалингаа хандивласан, тусламжийн цувааг орон нутаг руу гаргасан. Мөн “Скайтел” ХХК түймрийн голомтод ажиллаж буй тус компанийн хэрэглэгч 300 гаруй албан хаагчдад зориулан урамшуулал олгосныг дуулгахад таатай байна. Энэ мэтчилэн дараа дараагийн тусламжийг үзүүлэхээр ажиллаж байна” гэлээ.
ТҮМЭНЦОГТ СУМЫН ГАЗАР НУТГИЙН 90 ХУВЬ ШАТСАН
Түмэнцогт суманд гарсан түймрийн тухайд газар нутгийнх нь 90 хувийг хамарчээ. Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд энэ сарын 13-ны өдөр хээрийн түймэр гарч нэлээд их хэмжээний хохирол учруулаад байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, түймрээс үүдсэн хохирлын хэмжээг гаргах боломжгүй байгаа аж. Сумын төв рүү орж ирсэн галыг унтраасан ч битүү хар утаа бүрхэж, 100 метрээс цааш юм харагдахгүй, амьсгалахад хүндрэлтэй байгааг нутгийн иргэн хэлэв. Түймэр юунаас эхтэй талаар албан ёсны мэдээлэл хараахан гараагүй байгаа юм. Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нэгдүгээр багаас баруун зүгт 30 км зайтай “Яруу” гэдэг газарт энэ сарын 13-ны өдөр гарсан хээрийн түймэр тархан Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумдыг хамран, энэ сарын 14-ний өдрийн 16 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын чанх араас автомашины засмал замыг гурван хэсгээр даван сумын төв рүү чиглэн тархжээ. Ийнхүү Монгол Улсын Шадар сайдын тушаалаар гал түймэрт орон гэр нь шатаж үгүй болсон иргэдэд гэр өгч, өвс болон бусад зүйлийг тусламжаар олгож эхэлжээ.
ДОРНОДЫН БАЯН-УУЛД БАЙДАЛ ХҮНДХЭН БАЙНА
Зүүн аймгуудад гарсан хээрийн түймэр гурван аймгийн 10 сумыг хамарч, хамгийн хүнд нөхцөл байдалтай нь Дорнодын Баян-Уул сум болоод байна. Тус сум нь ой мод, ховор ан амьтан элбэгтэй, Монголын үзэсгэлэнт байгальтай сумдын нэг. Гэвч түймрийн улмаас ой модод хамгийн ихээр сүйджээ. Хэдийгээр аврагчид түймрийг цурамд оруулсан ч сэргэх эрсдэлтэй байгаа аж. Учир нь салхины эрч секундэд 16 см-ээс дээш хурдтай байгаа нь цурамд оруулсан аргал, хөрзөнгийн цогыг сэргээх магадлалтай гэнэ.
ХИЛ ДАВСАН ТҮЙМЭР
Энэ жил зөвхөн манай улсад төдийгүй хөрш ОХУ, Хятадад маш их хуурайшилттай байгаагийн улмаас гал түймэр ихээр гараад байгаа гэнэ. Хил давж нэг түймэр орж ирсэн ба манайхаас урагшаа Хятад улсын хил рүү дөрвөн удаа түймэр алдсан байна. Түүнчлэн ОХУ-ын хилээс давж орж ирсэн түймэр Дорнод аймгийн Баян-Уул сумын улсын тусгай хамгаалалттай Онон, Балжийн сав газрыг хамарч газар нутаг, ан амьтан шатаж, өнгөрсөн өдрүүдэд нөхцөл байдал газар дээрээ үнэхээр хүндэрсэн байна. Түүнчлэн Өвөрбайгалийн Ойн бүсэд байрладаг суурингуудын есөн мянган байшингаас 369 зуслангийн байр түймэрт өртжээ.
ХУР ТУНАДАС ОРОХГҮЙ, САЛХИНЫ ХУРД НЭМЭГДЭХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА
Цаг уурын байгууллагаас өгч байгаа урьдчилсан мэдээллээр гал түймэр гарсан дээрх нутагт хур тунадас, бороо орохгүй, салхины хурд сэргэж нэмэгдэх төлөвтэй байгаа тул нийт ард иргэддээ ил задгай гал гаргахгүй, анхаарал болгоомжтой байх, асаасан гал, шүдэнз, тамхины галыг сайтар унтраах, үнс нурмаа ил задгай асгахгүй байх, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, гарсан тохиолдолд амь нас, гэр орон, эд хогшлоо авран хамгаалах мэдлэгтэй байх ёстойг ОБЕГ онцгойлон анхааруулсаар байна. Өнөөдөр зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи энэ сарын 20-22-нд зүүн зүгийн нутгаар түр зуур секундэд 16 метр хүрч, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар дулаарч, Дархадын хотгор, Идэр, Тэс, Эгь-Үүр, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүсийн нутаг, Орхон, Сэлэнгийн саваар шөнөдөө 3-8, өдөртөө 19-24 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө гурван хэм дулаанаас хоёр хэм хүйтэн, өдөртөө 14-19 хэм дулаан байх төлөвтэй байна.
