Саяхан УИХ-ын хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас энэ оны хоёрдугаар сарын 6-ны өдөр өргөн мэдүүлсэн “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн. Манай улс зах зээлийн баримжаатай нийгэм, эдийн засгийн харилцаанд шилжсэнээр 1995 онд Нийгмийн даатгалын багц хуулийг, 1999 онд “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар 2021 он хүртэл баримтлах үндсэн чиглэл”, Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийг тус тус баталж, ажил олгогч болон даатгуулагчаас төлсөн шимтгэлийн орлогоор тэтгэвэр олгодог тогтолцоог нэвтрүүлж эхлээд 20 жил болж байгаа юм. Өнөөгийн тэтгэврийн даатгалын тогтолцоо нь нэг давхаргатай, эв санааны нэгдлийн зарчмаар буюу шимтгэлийн орлогоороо тэтгэврийн зардлаа санхүүжүүлдэг хуваарилалтын тогтолцоо юм.
Харин 2030 оноос эхлэн Монгол Улсын хүн ам насжиж, ахмад настны эзлэх хувийн жин нэмэгдэж, ялангуяа 1960, 1970-аад оны хүн амын огцом өсөлтийн үеийнхэн тэтгэвэрт гарах үед энэхүү тогтолцоо үйлчилж чадахгүй нөхцөл байдал үүсэхээр байгаа гэнэ. Тухайлбал, сүүлийн 10 жилд нийт хүн амын тоо 16,1 хувиар өссөн бол ахмад настны тоо 21,9 хувиар буюу илүү хурдацтай өсчээ. Мөн дундаж наслалт нэмэгдэж, нийт хүн амд эзлэх тэтгэвэр авагчдын тоо өсч, 10 даатгуулагчид ногдох тэтгэвэр авагчийн тооны харьцаа 2013 онд дөрөв, 2030 он гэхэд долоо, цаашид есөн тэтгэвэр авагч болохоор байна. Хэрэв тэтгэврийн даатгалын өнөөгийн тогтолцоонд өөрчлөлт, шинэчлэлт хийхгүй бол тэтгэврийн сангийн алдагдлын хэмжээ 2020 онд ДНБ-ний 4.5, 2030 онд долоо, урт хугацаанд 12 хувьд хүрэх төлөвтөй байгаа аж. Иймээс тэтгэврийн даатгалын сангийн алдагдлыг бууруулах, ахмад настнуудын амьжиргаанд хангалттай хүрэлцэхүйц тэтгэвэр олгодог болох үүднээс тэтгэврийн үндсэн үзүүлэлтүүдийг шинэчлэх шаардлагатай байгааг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд мэдэгдэв.
Ингэснээр тэтгэврийн насыг таван жилээр нэмэгдүүлэх аж. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийн хэлснээр өнгөрсөн оны тооцоогоор тэтгэврийн даатгалын санг мөнгөжүүлэхэд 8.8 их наяд төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан гэнэ. Одоогоор тэтгэврийн нэрийн данс зөвхөн бичилтийн аргаар явж байгаа, бодит мөнгөн хуримтлал хараахан бүрдээгүй байгаа аж. Иймээс Засгийн газрын дотоод бонд, ипотекийн зээлийн эх үүсвэр, хувийн тэтгэврийн даатгалын сан, нэмэлт тэтгэврийн хөтөлбөр зэргийг ашиглах асуудал яригдаж байгаа юм байна. Мөн эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн дундаж наслалт, эрсдлийн жил зэргийг харгалзан цаашдаа тэтгэвэрт гарах насны хэмжээг 2017-2030 он хүртэл аажмаар үе шаттайгаар нэмэгдүүлэх зарчим барихаар бодлогын баримт бичгийн төсөлд тусгасан бөгөөд малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн хувьд тэтгэвэр тогтоолгож байгаа одоогийн насыг хэвээр хадгалах нь зөв гэж үзэж байгаа гэсэн юм.
Улмаар энэ тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналд гишүүд нэгдсэн. Одоогийнхоор бол эрэгтэй 60, эмэгтэй 55 хүрсэн үед өндөр насны тэтгэвэр тогтоолгодог. Тэгвэл дээрх тогтоол хэрэгжиж эхэлбэл эрэгтэй 65, эмэгтэй 60 насанд тэтгэвэрт гарна гэсэн үг юм. ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн мэдээллийн санд 2010 оны мэдээгээр монгол хүний дундаж наслалт 68.05 гэж бүртгэжээ. Харин 2000 онд энэ үзүүлэлт 63.18 байжээ. Дундаж наслалтыг хүйсээр нь ялгавал, эрэгтэй хүний дундаж нас 64.93 байхад эмэгтэй хүнийх 72.26 байна. Тэгэхээр энэ хоёр хүйсийн хооронд 7.3 насны зөрүү байна. Гэтэл үүнээс 10 жилийн өмнө энэ үзүүлэлт 5.7 байсан аж. Тэгэхээр хатуухан хэлэхэд эрэгтэйчүүдийн дундаж наслалт 65 болж таарч байгаа юм.
Тиймдээ ч дээрх тэтгэврийн шинэчлэлийн асуудал хэлэлцэгдэнгүүтээ олны эгдүүцлийг төрүүлж эхэллээ. Иргэд энэ талаар цахим хуудсаар үзэл бодлоо илэрхийлсэн. Тухайлбал, “Эр хүний дундаж нас 65 байхад энэ одоо хэнийг доромжлоод байгаа юм. Насаараа, залуу халуун насандаа төлж төлчихөөд буцааж хүртсэн ч юм байхгvй үх гэж гэж байгаа юм уу. Энэ ямар "үхлийн татвар" уу? Нийгмийн даатгалын тэтгэврийн сан ингэвэл "дээрэм"-ээс ялгаагvй болж иргэд нийгмийн даатгал төлөхөөсөө хадгаламжиндаа хэдэн юм хийсэн нь л илүү хожоотой болно. Монголд эрэгтэй дундаж нас 63.8, тэтгэврийн нас нь 65 байж ер таарах уу. Энд ямар ч логик байхгvй байна”, “Монгол эрчүүд 60 гараад л өнхрөөд өгдөг, дундаж наслалт багатай улс. Ийм байхад хэдэн төгрөг харамлаж тэтгэврийн насыг нэмэх шаардлагүй” гэх зэргээр шүүмжлээд амжина лээ. Ямартай ч энэ шинэчлэл нэлээд асуудал дагуулах бололтой.
С.НАРАН