09.08

“Азийн хавдар судлалын үндэсний төвүүдийн холбооны VI хурал” Монголд болж байна

“Азийн хавдар судлалын үндэсний төвүүдийн холбооны VI хурал” энэ сарын 8-9-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Хоёр жил тутам зохион байгуулагддаг тус хурлыг Монгол Улсын Хавдар судлалын үндэсний төвөөс энэ удаа зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм. 
Энэ удаагийн хуралд Монгол, Малайз, Япон, Солонгос, Сингапур, Индонез, Вьетнам, Непал, Бангладеш зэрэг Азийн нийт есөн орны хавдар судлалын үндэсний төвийн ерөнхийлөгч, захирал, төлөөлөгч нар оролцохоор цугларлаа. 
Хавдрын эрсдэлт хүчин зүйлс, өвчлөл, нас баралт дэлхий даяар, тэр дундаа  Азийн бүсэд нэмэгдэж байгаа бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2025 он гэхэд дэлхий даяар хорт хавдартай хүний тоо 32.5 саяд хүрч, жилд 8.2 сая хүн уг өвчнөөр нас барах магадлалтай гэсэн тооцоог гаргасан байдаг. 
Иймээс ч хорт хавдартай тэмцэх нь зөвхөн манай улс төдийгүй Азийн бүс, дэлхийн хэмжээнд нэн чухал, тэргүүлэх чиглэлийн ажил болж байгаа юм. “Азийн хавдар судлалын үндэсний төвүүдийн холбооны VI хурал” нь бүсийн улс орон хорт хавдрын хяналт, үүнд урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний чиглэлээр өөрийн улс орны хуримтлуулсан тэргүүн туршлагыг харилцан солилцох, бусдаас суралцах, цаашдын хамтын үйл ажиллагааг төлөвлөх томоохон ач холбогдолтой арга хэмжээ юм.