09.20

“Монголын соробангийн уран чадварын түвшин тогтоох II шалгалт” амжилттай явагдаж өндөрлөлөө

Японы соробан (япон сампин) хэмээх хүүхэд багачуудын оюун ухааныг тэлэх, тоо бодох соёл Монголд дэлгэрч эхлээд удаагүй байна. Соробангийн сургалтыг япон стандартаар явуулж, энэ сургалтаар хүүхэд багачуудад олгох олон талт чадварыг бүрэн, зөв олгодог болохын тулд Монголын соробангийн холбооноос олон ажлыг хийж байна. Тус холбоо соробангийн мэргэжлийн багш нарыг сургаж гарган баталгаажуулах, Монголд тохирсон соробангийн сургалтын стандартыг тогтоох, Японы соробангийн уран чадварын түвшинг тогтоох шалгалтын тогтолцоог Монголд бий болгох чиглэлээр ажиллаж байна.

Энэ 9-р сарын 18-нд Монгол Японы төвд “Монголын соробангийн уран чадварын түвшин тогтоох 2-р шалгалт” амжилттай явагдаж өндөрлөлөө. Монголын соробангийн холбооноос Японы Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулсан энэхүү шалгалт соробангийн болон цээж тооллын (анзан) гэсэн хоёр төрлөөр явагдсан байна. Шалгалтыг Японы Худалдаа аж үйлдвэрийн танхимын шалгуурыг хангасан материалд суурилан авчээ. Шалгалтанд хот хөдөөгийн нийт 80 гаруй сурагчид 7-1 дүгээр зэрэг горилон оролцсон байна. Өнгөрсөн жил болсон соробангийн түвшин тогтоох анхдугаар шалгалтаар монгол хүүхэд 1-р зэрэг авсан бөгөөд “соробан дэлгэрээд удаагүй байгаа Монгол улсын хувьд энэ бол тун өндөр амжилт” хэмээн Японы мэргэжилтэн багш нар дүгнэсэн билээ.
Энэхүү шалгалт цаашдаа жилд 4 удаа тогтмол зохион байгуулагдаж байх бөгөөд шалгалтанд соробангийн сургалтыг явуулж буй сургууль, сургалтын төвүүд идэвхтэй оролцож байхыг Монголын соробангийн холбооны тэргүүн Д.Төмөрбаатар уриалж байна.
Соробангийн түвшин тогтоох шалгалт нь сурагч багачуудад өөрийн олсон мэдлэгээ бататгах, цаашид улам өндөр зорилго тавин суралцахад нь томоохон түлхэц, урам олгодог онцлогтой ажээ. Ирэх сард Улаанбаатарт Соробангийн улсын 7-р олимпиад болох бөгөөд өнөөг хүртэл Монголын соробангийн холбооны 80 гаруй сурагчид Японд олимпиад уралдаанд амжилттай оролцоод байгаа ажээ.