“Цөмийн материал, цацрагийн үүсгүүрийн хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, саатуулах, хариу арга хэмжээ авах” сургалт Замын-Үүд боомтод эхэллээ-
МХЕГ-аас “Цөмийн материал, цацрагийн үүсгүүрийн хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, саатуулах, хариу арга хэмжээ авах” сургалтыг АНУ-ын Эрчим хүчний яамны “Цөмийн материалын хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, саатуулах” төсөлтэй хамтран Замын-Үүд боомтод зохион байгуулж байна. Энэхүү сургалтад Буянт-Ухаа, Дорноговь аймгийн Замын-Үүд, Ханги, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг, Дорнод аймгийн Хавирга, Эрээнцав, Баянхошуу, Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомт, Сүхбаатар аймгийн Бичигт, Говь-Алтай аймгийн Бургастай боомтын хилийн мэргэжлийн хяналтын алба, хэлтсийн улсын байцаагчид хамрагдаж байна.
Сургалтын эхэнд МХЕГ-ын Цөмийн болон цацрагийн хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох “Цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдалтай холбоотой олон улсын болон үндэсний хууль тогтоомж, дүрэм журам”-ын талаар мэдээлэл өгөх үеэрээ “Цацрагийн үүсгүүрийг улсын хилээр оруулах, гаргахад мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвшөөрөл авах ёстой байдаг. Өнгөрсөн хугацаанд цацрагийн үүсгүүрийг импортын зөвшөөрөлгүй оруулж ирэх зөрчил их байсан нь сүүлийн жилүүдэд эрс багассан”-ыг онцоллоо. Мөн Цацрагийн хяналтын хэлтсийн дарга З.Дамдинсүрэн “Цөмийн материалын хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, саатуулах” төслийн талаар мэдээлэл өгсөн бөгөөд АНУ-ын Эрчим хүчний яамны уг төсөл дэлхийн 53 оронд хэрэгжиж, нийт 485 хил, 45 далайн боомтод 2000 гаруй цацрагийн хяналтын төхөөрөмж суурилуулсныг дуулгав.
Өдгөө манай улсад Цөмийн энергийн тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Эрүүгийн хууль, Цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль, ҮАБ-ын үзэл баримтлал, Ерөнхийлөгчийн 181, 184 дүгээр тогтоол, УИХ-ын 2009 оны 45 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого зэрэг эрх зүйн баримт бичгүүд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Мөн 1973 онд Олон улсын атомын энергийн агентлагийн гишүүн болж, 1975 оноос хойш техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрт оролцож байгаа бөгөөд Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээнд нэгдэн орсон билээ.
Монгол Улс цөмийн зэвсэггүй, атомын цахилгаан станцгүй байж яагаад гэдэг асуултыг хүмүүс тавьдаг. Тэгвэл манай улс ураны нөөцөөр баялаг тул цөмийн зэвсгийн түүхий эд нийлүүлэхгүй байх нь Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээгээр хүлээсэн үүргүүдийн нэг. Нөгөөтэйгүүр цөмийн хэрэглээ өндөр хоёр оронтой хил залгаа оршдог учраас цөмийн аюулгүй байдлыг хангах тэр дундаа хилийн хяналт маш чухал. АНУ-ын Эрчим хүчний яам, Цөмийн аюулгүй байдлын газартай хамтран хэрэгжүүлж буй “Цөмийн материалын хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, саатуулах” төсөл чухам ийм зорилготой. Тодруулбал, 2008 оноос 7 үе шаттай хэрэгжиж байгаа төслийн хүрээнд Монгол Улсын хилийн 15 боомтод цацрагийн хяналтын 82 төхөөрөмж суурилуулаад байна. Түүнчлэн цөмийн болон бусад цацраг идэвхт материалыг илрүүлэх, хоёрдогч үзлэг шалгалтад ашиглах гар багажнуудыг нийлүүлсэн бөгөөд МХЕГ, Хилийн мэргэжлийн хяналтын алба, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газрын нийт 300 орчим албан хаагчдыг гадаад, дотоодын сургалтанд хамруулаад байгаа юм.
АНУ-ын Эрчим хүчний яаманд хүсэлт тавьсны дагуу өнгөрөгч долдугаар сард “Цөмийн материалын хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, саатуулах” төслийн хүрээнд Хөшигийн хөндийд баригдаж буй шинэ нисэх онгоцны буудалд цацрагийн хяналтын төхөөрөмж суурилуулах ажлыг гүйцэтгэсэн. Мөн хоёр боомтод төхөөрөмж суурилуулах, түр ажиллагаатай агаарын болон хилийн 7 боомтод цацрагийн хяналтын төхөөрөмж өгөх талаар судалж үзэхээ илэрхийлээд байна.