Хүмүүс түүнийг шоолон инээцгээнэ.
-Хүүе. Энэ одоо юу өмсчихсөн юм бэ? хэмээн зарим нь гайхаж, түүний талаар мэдэх нэг нь
-Наадах чинь өнгө ялгадаггүй юм. Бүхий л юм нүдэнд нь хар цагаан харагддаг гэсэн. Чи хар л даа. Улаан цагаан хоёр оймс өмсчихсөн байгаа биз дээ хэмээн шивнэлдэхийг сонссон бүсгүй санаа зовсондоо тэднээс холдлоо. Бүсгүй санаа алдснаа хөл рүүгээ харав. Аль нь улаан, аль нь цагаан гэдгийг тэр мэдэхгүй. Өчигдрийн худалдагч эгч цагаан оймс л гэж өгсөн юм даа уг нь хэмээн тэр бодсоноо гэнэтхэн нүүрэндээ инээмсэглэл тодруулсан тэр эгчид учиргүй их гомдов.
Үнэндээ тэр өнгө ялгадаггүй. Бага байхын л ийм байсан. Аав, ээж хоёр нь охиныхоо өнгө ялгаддаггүйг бүүр хэзээ хойно сургуульд орсон хойно нь мэдсэн гэдэг. Тэр өнгө ялгаж сурах гэж их хичээсэн. Хичээгээд ямар ч үр дүнд хүрсэнгүй. Тиймээс тэр хүмүүсийн юу ярьж байгааг мэдэхээр шийдэв.
-Энэ өнгө надад зохих болов уу?
-Танд аль нь таалагдаж байна хэмээн заавал асууна. Эсвэл би ч ийм өнгөнд дургүй л дээ хэмээн худлаа хэлнэ.
Эхэндээ өнгө ялгадаггүйгээс болж хүмүүсээс ичиж зовдог байсан ч сүүлдээ ч тоохоо болихоор тэр шийдсэн. Би өнгө ялгадаггүй юмаа гэдгээ л хэлнэ. Хүмүүс надад туслаад надад хэрэгтэй өнгийг олоод өгнө. Хэдийгээр өнгө ялгаддаггүй ч гэсэн харж байна гэдэг л өөрөө чухал гэж бүсгүй өөрөө өөрийгөө хуурч байлаа. Гэхдээ тэр буруу бодож. Өнгө ялгадаггүй гэдгийг нь мэдсэн хүмүүс түүнийг улам бүр даажигнаж эхэлнэ гэж тэр хэзээ ч бодож байсангүй.Бөөн гомдол цээжийг нь дараад авлаа. Өнгө ялгадаггүй гэж хэлээд байхад яагаад заавал хоёр өөр өнгийн оймс өгсөн юм бол хэмээн тэр баахан бодов. Нэг муу хямдхан оймс. Тэр хүнд би муу юм хийгээгүй. Бас түүнд хоёр өөр оймс өмсүүлээд бусдаар намайг элэглэж шоолуулах ямар ч шаардлага байхгүй. Нэг муу хямдхан оймс. Түүнд хүн авахгүй, өрөөсөн оймснууд байсан юм байна л даа хэмээн бодох тусам бөөн бөөн гомдол үерлээд эхэллээ.
-Очноо тэр эгчтэй очиж уулзана. Хүнийг зүгээр л элэг доог болгогч, өөдгүй, амьтан хэмээн бодох зуур хоёр нүдийг нь нулимс бүрхээд ирлээ. Дахиад хэзээ ч өнгөний тухай ярихгүй. Бас хэнд ч өнгө ялгадаггүй гэдгээ хэлэхгүй гэж шийджээ. Тэр алхсаар. Нэг л мэдэхэд хоёр давхар худалдааны төвийн үүдэнд хүрээд ирчихсэн байлаа. Өнөөх эгч яг л өчигдрийнх шигээ инээмсэглэн угтав. Гэхдээ өнөөдөр түүний инээд бүсгүйд халуун дулаан санагдсангүй. Өөрийг нь даапаалж байх шиг зэвүүн муухай санагдахад бүсгүй байж ядан
-Та ямар муухай юм бэ? Би танд үнэнээ л хэлсэн ш дээ. Би өнгө ялгадаггүй гэж байхад та арай ч дээ хэмээн хэлтэл нулимс нь асгараад ирэв. Тэр авгайг өчнөөн муухайгаар дуудмаар, хашгирмаар санагдаж байсан ч уурлаж бухимдснаасаа болоод юу ч хэлж чадсангүй гартаа барьж явсан жижигхэн лаазтай ундаагаа яг улаан нүүр рүү нь цацаж орхилоо.
Худалдагч авгай гайхсан мэт харснаа юу ч хэлсэнгүй. Бухимдаж, гомдож тунирхсан бүсгүй түүнийг орилж хашгирах байх гэж бодож байсан ч түүний зүг харж байснаа инээмсэглэв.
-Өвчтэй хүнээр элэг доог хийдэг тэнэг амьтан хэмээн тэр амандаа үглэв. Өнөөх авгай нүүр рүү нь цацсан ундааг ханцуйгаагаараа шударч арчсан хэрнээ түүн рүү дүрлийтэл харсаар байсанд эгдүүцэж бухимдсан бүсгүй юу ч хэлж чадсангүй. Гэтэл хажууд талын лангууны ард ном уншаад сууж байсан залуу өндийж харсанаа
-Хүүе бүсгүй. Чи хүрээд ир дээ хэмээн дуудах нь тэр. Арай гэж намжиж байсанбүсгүйн ааг омог дахин дүрэлзэж
-Хүний хэрэг чамд хамаагүй. Чи зүгээр л цаашаа бай хэмээн ууртай хэлбэл залуу
-Би чамтай хэрэлдэх гээгүй байнаа. Харин нэг зүйл хэлэх гэсэн юм хэмээн аргадангуйгаар хэлэв. Бүсгүй ахмад хүн рүү ундаа цацсандаа бантаж, бас түүнийг аядуу зөөлхөн үгэнд автаад юу ч хэлж чадсангүй. Тэр залуу руу дөхөж очвол үл таних эр түүн рүү харснаа намуухан дуугаар
-Энэ эгч ч гэсэн өнгө ялгадаггүй юм. Өнөөдөр улаан цагаан хоёр өнгийн оймстой ажил дээрээ ирчихсэн байна гэснээ худалдагч авгайн хөл рүү заалаа. Бүсгүй түүний гарыг дагуулан харлаа. Гэхдээ өнгө ялгадаггүй учраас тэр юу ч хэлж чадсангүй. Худлаа хэмээн хашгирах гэсэн боловч худлаа эсэхийг нь мэдэхгүй учраас дуугарсангүй. Саяхан л түүний цээжинд асаж байсан өнөөх гомдол салхинд хийсэх мэт ор сураггүй алга болсон байлаа.