04.22

Микро автобусныхан санхүүгийн туслалцаа хүслээ

Микро автобусны жолооч нар өчигдөр төв талбайд жагсаал хийлээ. Энэ нь, 12-оос дээш жил явсан микро автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд явуулахгүй гэсэнтэй холбоотой аж. Энэ жил 512 микро автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнээс хасах юм байна. Тиймээс ашиглалтын хугацаа нь дуусч, үйлчилгээнд явах боломжгүй болсон гэх микро автобусны эзэд төр засгаас шинээр автомашин авахад санхүүгийн туслалцаа үзүүлэх, ажлын байраар хангахыг шаардаж байгаа аж. Энэхүү шаардлагаа УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, хотын дарга Э.Бат- Үүл нарт хүргүүлжээ. Жагсаалд 100 орчим микро автобусыг авчирсан байв. Энэ үеэр жагсаалд оролцогчдын сэтгэгдлийг сонслоо

Хувиараа тээвэр эрхлэгчдийн үйлдвэрчний нэгдсэн хорооны зохицуулагч Х.БААТАР:

-НИТХ-ын дарга болон нийслэлийн Засаг даргад тулгамдаж буй асуудлаа удаа дараа бичгээр өгсөн боловч үр дүнд хүрсэнгүй өдийг хүрлээ. Тиймээс ямар машиныг хасаад байна гэдгийг биетээр нь үзүүлэх үүднээс “Нарантуул” олон улсын худалдааны төвөөс бүх чиглэлд зорчдог тээвэрчдийн төлөөлөл төв талбайд жагсч байна. Бидний хүсч байгаа зүйл гэвэл стандартын шаардлага хангахгүй гэдэг үндэслэлээр микро автобусуудыг хасвал оронд нь шинэ машин авахад хөрөнгө оруулалтын тодорхой хувийг гаргаж өгөх хэрэгтэй. Монголд машин үйлдвэрлэдэг үйлдвэрлэгчидтэй бид уулзсан. Тэд бидэнд таарсан дунд болон бага оврын автобус үйлдвэрлээд өгөх боломжтой гэдгээ хэлсэн. Үүнд туслалцаа үзүүлж эцсийн гаргалгааг гаргаж өгөхийг төр, засгаас хүсч байна. Төрийн байгууллага ажлаа хийж чадахгүй байна гэдгийг бид хаана, хаанаа ойлголоо. Тиймээс бид иргэддээ үйлчлэх үүргийнхээ дагуу үйлчилгээгээ явуулна. Гэхдээ нийслэлийн Нийтийн тээвэр гэх ажил унагаадаг байгууллагатай хамтарч ажиллахгүй. Хувиараа тээвэр эрхлэгчдийн нэгдсэн холбоог байгуулж өнөөдрөөс бүх чиглэлд микро автобуснууд үйлчилнэ. Хэрэв ямар нэг төрийн нэрийг барьж дарамтлах, шахах асуудал гарвал тэр үйл ажиллагааг явуулж буй хүмүүст хуулийн дагуу хариуцлага тооцно. Мөн микроны жолооч нар эрхээ хамгаалуулах гэж байгаа бол “Үйлчлүүлэгчийнхээ эрхийг хамгаалах ёстой. Иймээс бид үйлчлүүлэгчээ хүндэтгэж соёлтой харилц” гэсэн шаардлагыг тавьж байгаа. Хэрэв энэ тал дээр манай холбоонд гомдол ирэх юм бол арга хэмжээ авна гэж жолооч нартайгаа ярьж тохиролцсон.

 “Далд хүн” хүний эрхийг хамгаалах төрийн бус байгууллагын тэргүүн Б.ЖАГАР:

-НИТХ-ын гаргасан стандартын шаардлага хангахгүй байгаа микро автобусыг явуулахгүй гэсэн шийдвэрийг эргэж хараач гэсэн үүднээс жагсаал хийж байна. Учир нь, эдгээр микроны жолооч нар ажлын байргүй болж байна. Аливаа тогтоолд зохицуулалт байх ёстой. Жишээ нь, эдгээр иргэдийг ажлын байргүй болгож байгаа бол ажлын байрыг яаж буцааж бий болгох талаар бодох ёстой. Ажлын байрыг бий болгохгүйгээр олон иргэний эрх ашгийг хөндөж болохгүй. Бид ардчилсан нийгэмд амьдарч байна. Манай улс эко автобус гээд дунд оврын автобус үйлдвэрлэдэг болсон. Тэгэхээр микроны жолооч нарт шинэ автобус авах боломжийг төр хангах үүрэгтэй. Түүнийг хөнгөлөлттэй зээл ч гэдэг юм уу олон хэлбэрээр олгож болно шүү дээ.

М.Энхцэцэг