10.05

Худалдаа хөгжлийн банк гадны хөрөнгө оруулалттайгаар үйл ажиллагаа явуулдаг нь ”Эрдэнэт”-ийн асуудалд эргэлзээ төрүүлэв

2016 оны зургаадугаар сард тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Эрдэнэт үйлдвэр 100 хувь Монголын үйлдвэр болж байна” хэмээн мэдэгдсэн. Сонгуулиас хоёрхон хоногийн өмнө олон нийтэд хүргэсэн энэ мэдээ жинхэнэ “гэнэтийн бэлэг”  байлаа. Засгийн газрын сайдууд нь ч мэдээгүй байсан гэх энэ шийдвэр олон нийтийн нүдийг орой дээр нь гаргах нь тэр. Товчхондоо хойд хөршийн эзэмшилд байсан 49 хувийг Худалдаа хөгжлийн банкийг төлөөлж “Монголын зэс” компани худалдан авсан тухай мэдээлсэн нь тэр. “Bloomberg” агентлагийн мэдээлснээр Оросын тал өөрийн эзэмшлийн 49 хувиа 500 сая ам.доллараар зарсан байж магадгүй гэнэ. Гэхдээ ямар учраас эрх баригчид “Оросууд Эрдэнэт үйлдвэрийн заръя” гэж санал тавилаа гэдгийг нийтэд зарлаагүй вэ?
Тэгвэл иргэдийн хамгийн их хардлага түрүүлж байгаа зүйл бол Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан Худалдаа хөгжлийн банк нь гадны хөрөнгө оруулалттайгаар үйл ажиллагаа явуулдагтай холбоотой аж. Өнөөдрийн байдлаар  Худалдаа хөгжлийн банкны нийт хувьцааны 2,12 хувь л монгол хүмүүсийн мэдэлд байдаг байна. Тодруулбал, Худалдаа хөгжлийн банкны нийт хувьцааны 65.83 хувийг нь Люксембургийн "Global investment and Development" компани, 7.32 хувийг Америкийн "US Global investment" компани, 19.95 хувийг Америкийн "United Banking Corporation", 4.78 хувийг "GS Mongolia investment" , 2.12-хон хувийг монголчууд эзэмшиж байгаа гэнэ.
Энэ асуудлаар хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “"Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн 49 хувийг худалдаж авсан эх үүсвэр, худалдаалсны дараа Монголд явагдсан хуйвалдаан дээд зэргээр анхаарал татаж байна. ТУЗ-ийн хурал болоод зургаадугаар сарын 27-ны өдөр дүрэм батлагдсан. Дүрэм батлагдахдаа ТУЗ-ийн даргыг томилсон, ТУЗ-ийн зургаан гишүүнийг сольвол даргын саналыг авна гэсэн. Дээрээс нь нэр дэвшүүлэх хорооны дарга нь ТУЗ-ийн дарга байна. ТУЗ-ийн дарга нь бүх томилгоог мэднэ гэсэн байгаа. Үүнээс болоод "Эрдэнэт" үйлдвэрт Засгийн газрын  51 хувийн эрх мэдэл байхгүй болсон. Өнөөдөр ТУЗ-ийн дарга гэдэг хүн ойлгомжгүй байна.
Энэ бүх ажиллагааны цаана Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг гэдэг хүн байна. Д.Эрдэнэбилэг нь Улаанбаатар банкны 99 хувийн хувьцаа эзэмшигч. Эрдэнэт үйлдвэр тойрсон бүх юм энэ хүнээр дамжсан дүр зураг харагдаж байна. Худалдаа Хөгжлийн банк нь Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Багануур, III, IV цахилгаан станцуудыг хувьчилж авахаар бэлтгэлээ хангаж байна. Арилжааны банк нь ийм үйл ажиллагаа явуулах нь хориотой."Эрдэнэт"-ийн 49 хувийг худалдан авсан гэх компаниас хууль ёсны мөнгөөр нь авсан бол улс буцааж авах арга байна. Улсын мэдэлд үлдээсэн нь зөв гэсэн байр суурьтай байна. Манай улсыг 30, 40 жил тэжээсэн компанийг цөөн хэдэн хүмүүсийн хуйвалдаанд алдаж болохгүй” хэмээн мэдэгдээд байгаа юм.
Ц.Нямдорж гишүүний хэлснээр үүний Эрдэнэтийн мөнгөөр Эрдэнэтийг өөрийн болгох луйвар явж байгаа бол ноцтой асуудал. Ямартай ч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн зүгээс сүүлийн үед гараад байгаа мэдээллүүдэд хариу өгөхөөр болоод байна. Тодруулбал, өнөөдөр 18:00 цагт энэ талаар олон нийтэд мэдээлэх юм. 

Г.НАРАН