10.08

О.Сундуй: Төрсөн өдрийн бэлэг

Аав нь Одхүүгийн төрсөн өдрөөр амласан ёсоороо гар чийдэн авч өглөө. Мөнгөлөг цагаан гэртэй. Асааж унтраах улаан ногоон даралттай. Ёстой л мөрөөдлийн гоё тоглоом доо. Одхүү бэлгээ тэврэн дэвхцэж бөөн баяр. Тэр дороо л авдрын ар, орны хөндийгөөр гэрэлтүүлэн хол ойрын тусгалыг нь шалгаж эхэллээ. болж, харанхуй нөмрөхийг тэсч ядан хүлээнэ. Үдэш болж харанхуй болохоор хашаан дотроо тоглож болно гэж аав нь зөвшөөрсөн юм. Хаврын намуухан үдшийн одод түгж, бүлээхэн салхи сэвэлзэнэ. Одхүү гар чийдэнгээ мэлс мэлсхийтэл асааж, амбаар савны цоож цуурга ер нь үдшийн бүрийд уусах юм бүхнийг гэрэлтүүлж эрхэлнэ. Сагсгар жаахан гөлөг нь гар чийдэнгийн гэрэлд үе үе орж илбэдүүлсэн мэт болж гайхна. 

Ээж нь цонхоор, 

-Хөөе наадахын чинь зай дууслаа гэж хашгирах сонсогдоно. 
Гэтэл үүдэнд шүгэл тасхийв. Дорлиг дуудаж байгаа нь энэ. Одхүүгээс тэр дөрөв ах боловч санаа нийлдэг сайн найзууд. Түүнд ийм гар чийдэн бий. Харамсалтай нь зай нь аль хэдийнэ дуусчихжээ. Тэд нийлэн хэсэг тоглосноо уйдаж гадуур явж адал явдал хайхаар шиидэв. 

Хамгийн анхны учраа нь хажуу айлаасаа том гэгчийн шүүрэн шанага барьсаар гарч ирсэн 4а-гийн онц сурлагатан Туяа байлаа. Хөвгүүд Туяагийн нүүрэн дээр гэрэл анивчуулан ээрч, ?Онц сурлагатан Туяад оройн мэнд хүргэе? гэж зэрэг шахам мэхэсхийн ёслолоо. Туяа гайхан, 
-Та хоёр чинь яачихаад байгаа юм бэ. Эмээ боорцог чанаж байгаа. Шүүрэн шанага хурдан авчир гэсэн. Би яарч явна гэлээ. 

Дорлиг, 
-Чи тэгвэл шүүрэн шанагаа толгойдоо углаад ?Одхүү чамд төрсөн өдрийн мэнд хүргэе? гэж гурван удаа ёсол. Тэгвэл чамайг явуулъя. 
Туяа, 
-Дорлиг чи яасан муухай хүүхэд вэ. Чи ч дээ охидод л дээрэлхэнэ дээ. 

Дорлиг, Одхүүгээс гар чийдэнг булаан авч Туяагийн бараг хамрыг нь шүргэх шахам тулгаад, 
-Шинэ жилээр манай ангийн Нямаа чамд захиа бурам хоёр өгсөн. Чи одоо болтол яагаад хариу өгөхгүй байгаа юм бэ? 

Туяа тэгтэл, Ээж ээ! гээд байдаг чангаараа хашгирах нь тэр. Хөвгүүд ч гудамжны үэүүр тойрон зугтаж амжлаа. 

Одхүү, 
-Орой болчихлоо, Одос хоёулаа харих уу? Дорлиг, 
-Туяаг сайхан айлгалаа шүү Харин одоо чиний чийдэнгийн холын тусгалыг шалгаж. Буудал дээр очъё. Ирж яваа автобусны урдаас тусгаж үзье. Тэгэх үү? 
Одхүү, -Тэгье тэгье. Ёстой догь санаа байна шүү. 

Тэднийг буудал хүрэх замд хүмүүс элдэв зарлал нааж заншсан их өндөр төмөр шон тааралдлаа. Одхүү гэрэл тусган Дорлигжав ...Хашаа байшин зарна... ?101 тоотод мод зарж байна? гэх мэт баахан зарлал чанга дуугаар уншина. Хажуугаар нь өнгөрөх хоёр хүн ?Хийх ажлаа олж ядсан моньднууд? гэх нь сонсогдоно. 

Дорлиг ?Зай нь муудаж байх шиг байна. Зарим бичиг нь харагдахгүй юм. Хамгийн дээд талд наасан бичгэн дээр тусга? гэлээ. Гар чийдэнгийн зай нь үнэхээр мууджээ. Тэр бичгийг гаргаж уншиж чадсангүй. 

Одхүү, 
-Намайг өргө. Би тэр бичиг өөд авиръя. Хүмүүст би самбаатай мундаг харагдана даа. Одхүү дээш авирсаар бичгэнд бүр ойртож гар чийдэнгээ мэлсхийтэл асаалаа. Зарлалын үг үсэг тодоос тод дурайна. Тэнд, 

-Энэ шонг өнөөдөр будсан тул хувцсаа будахаас болгоомжил? гэж бичжээ. Гэтэл, Одхүү хөөе Одхүү! гэх аавынх нь дуу хажууханд сонсогдоно.