Худалдаа хөгжлийн банк 400 сая ам.доллар босгож Эрдэнэтийн 49 хувийг авсан гэх асуудлыг, уг мөнгөний эх үүсвэрийг шалгах үүргийг Монголбанк хүлээгээд байгаа билээ. Энэ бол яах аргагүй анхаарал татсан асуудал. Тэгвэл үүнтэй зэрэгцэн тус банкны гүйцэтгэх захирал О.Орхоны хэлж ярьж байгаа зүйлс анхаарал татаад байна. Тэрбээр “8 хувийн ипотекийн зээлэн дээр арилжааны банкууд өөрсдийн эх үүсвэрээ оруулах ямар ч боломжгүй. Найман хувь өөрөө бид нарын татаж байгаа эх үүсвэрийн маань зардлаас доогуур дүн болчихоод байна. Тэгэхээр найман хувийн ипотекийн зээлийг яг одоогийн хэрэгжиж буй хэлбэрээр нь явуулахаас өөр гарц байхгүй. Өнөөдөр засгийн газар хэзээ хөтөлбөрөө эхлүүлэх нь тодорхой байгаа нөхцөлд өөрөөсөө алдагдал үүсгэж, хадгаламж эзэмшигчдийнхээ мөнгийг эрсдэлд оруулж болохгүй. Ийм хүлээлт үүсгэж болохгүй. Тийм учраас банкууд найман хувийн зээлээ зогсоосон байгаа.” хэмээн хэвлэлд ярьжээ. Тэгэхээр түүний эл байр суурийг хоёр талтайгаар хүлээж авахаар байгаа юм. Нэгдүгээрт, Эрдэнэтийн хувьцааг их мөнгөөр авсан, санхүү дажгүй сайн гээд байгаа банкны чадамж үнэндээ тааруу байгаа юу, хоёрдугаарт өөрсдийнх нь бизнест оролцоод байгаа засаг руу эргүүлэн сөргөж байгаа юу гэдэг асуудал гарч ирж байгаа юм.
Ямартай ч Худалдаа хөгжлийн банк Эрдэнэтийн асуудалтай холбоотойгоор шалгагдах уу, цаашид үйл явц хэрхэх вэ гэдэг нь анхаарал татаж байна. үндсэндээ олон нийт энэ асуудалд тайлбар нэхэж байгаа юм. харин О.Орхон захрал өмнө нь Эрдэнэтийн хувьцааны талаар хэлэхдээ “Энэ асуудалд чанд нууцлалын гэрээний дагуу явагдсан. Учир нь олон улсын гэрээ хэлэлцээр хийх явцад саад болох хүчин зүйл байсан. Гэрээ 400 сая долларын үнэтэй байгаа. 200 сая доллар дээр нь компани өөрөө санхүүжилтээ гаргаж, 200 сая долларыг нь ХХБ босгосон. Худалдаа хөгжлийн банк бол санхүүжүүлэгчдийн нэг” гэж байсан. Тэгэхээр Монголын эдийн засагт онц чухал үүрэгтэй явж ирсэн толгой үйлдвэрийн хувьцааг гартаа оруулсан замналаа цэв цэвэр эсэхийг тодруулахад өөрсдийнх нь зүгээс ч идэвх гарах ёстой болов уу. Ямартай ч Монголбанкны шалгалтын дараа энэ асуудал тодорхой болох биз ээ.
Г.НАРАН