Бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Итгэл” уран сайхны кино дэлгэцэнд гарч эхлээд удаагүй байна. Тус киноны зохиолыг жүжигчин Б.Амарсайхан буюу Амараа бичсэн юм. Тэрбээр киноныхоо талаар "Зохиол бичсэн гэхэд ахдах болов уу. Ямартай ч санааг нь гаргалаа. Хүнд нэг өдрийн амьдрал хичнээн үнэтэй болохыг, маргааш үхэх болвол хүн юу хийж амжихыг хүсдэг, боддог, сэтгэдэг вэ гэдгийг энэхүү киногоор харуулахыг хүссэн. Хамгийн гол хэлэх гэсэн санаа нь хүн хорвоог орхихын цагт юутай байсныг дурсдаггүй. Харин хэн байсныг нь санадаг гэдгийг л харуулахыг зорьсон. Бид ирээдүйгээсээ маш их айдаг. Эсвэл хүн өнгөрснөөрөө амьдардаг. Гэтэл өнөөдөр гэдэг өдөр хичнээн үнэ цэнэтэй цаг хугацаа вэ гэдгийг харуулахыг зорьсон.Аливаа уран бүтээл эмзэглэлээс бүтдэг гэдэг шүү дээ. Энэ бол миний дүүгийн амьдрал. Дүү маань энэ кинон дээр гардаг шиг ажил хийж байгаагүй. Кинон дээр гарч байгаа амьдралыг бодитоор нь туулаагүй. Миний хувьд тэр хүний амьдрах гэж байгаа тэмцэл, өнөөдрийн ганц өдрийн амьдрал хичнээн үнэ цэнэтэй юм бэ, хүмүүс яаж хандаж байсан бэ гэдгийг харуулахыг зорьсон. Тэр л намайг эмзэглүүлсэн. Хүн дараа нь л боддог юм билээ. Сонирхуулахад би энэ кинонд тоглохын тулд 97 кг-аас 77 орчим жинтэй болтлоо 17 орчим кг хаслаа" хэмээн ярьжээ.