Экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхэд АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, цагдан хориод байсан. Гэсэн хэдий ч шинэчлэлийн Засгийн газар огцрохоос өмнө Л.Гансүх батлан даалтад гарсан бол түүнтэй хамт хэрэгт холбогдсон М.Тулга шийдлийн Засгийн газар байгуулагдах үед мөн батлан даалтад гарсан тухай эх сурвалжууд мэдээлж байв.
Ингэснээр АН, МАН хоёр хамтарч Засгийн газар байгуулагдах үед дээрх асуудлаар тохироо хийгдэж, “Нүүрс” хөтөлбөртэй холбоотой хэрэг замхрах нь гэсэн хардлага үүсээд байсан юм. Учир нь дээрх хэргийг Н.Алтанхуягийг огцруулах том шалтгаан гэлцэж байсан. Гэсэн хэдий ч Ч.Сайханбилэгийн Засгийн газар энэ асуудалд төдийлөн анхаарал хандуулахгүй байгаа юм. Ер нь бол Ч.Сайханбилэг Ерөнхий сайдыг өмнөх Ерөнхий сайдын бодлогыг үргэлжлүүлнэ гэлцэж байгаа энэ үед түүнээс дээрх хэргийг хэрхэн шийдэх талаар сураг тавиад ч хэрэггүй биз гэцгээж байв.
Тэгвэл баттай эх сурвалжийн мэдээлснээр “Нүүрс” хөтөлбөр болон Л.Гансүх нарын хэрэг замхрах биш харин ч прокурорын шатанд танилцуулж байгаа аж. Тэгэхээр тун удахгүй Л.Гансүх нарын хэрэг шүүхэд шийлжих бололтой. Хэргийг эргэн сануулахад, Л.Гансүхийг “Нүүрс” хөтөлбөрийг хариуцан ажиллаж байхдаа ямар нэг тендер зарлалгүйгээр “Эм Жи Эл Эс Би” компанийг охиныхоо нэр дээр байгуулан энэ хөтөлбөрт оруулсан мөн өөрийн байгуулсан ижил нэртэй аж ахуйн нэгжээр дамжуулан “Багануур” хувьцаат компаниас авсан нүүрсээ бусад албан байгууллага, аж ахуйн нэгжид хямд үнээр зарж ашиг олсон нь илрээд байгаа хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсан юм.
П.ТУУЛ