Сонгуулийн өмнөх өдөр буюу зургадугаар сарын 28-нд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Эрдэнэт үйлдвэрийг зуун хувь Монголын талд шилжүүлсэн мэдээллээр олон нийтийг баярлуулахын сацуу гайхшируулаад авсан.
Оросын эзэмшлийн 49 хувийг Монголын төр бус харин “Монголын зэс корпораци” хэмээх манай арилжааны хамгийн том банкны нэг Худалдаа Хөгжлийн банкны халхавч компани авсан болох нь тогтоогдсон. Монгол улсын стратегийн чухал хөрөнгийг нэг хувийн банк гол гаргасан ба Засгийн газар хэлцлээс нэг төгрөг ч хүртээгүйдээ тоож байгаа юм алга. Эх сурвалжийн мэдээлснээр хоёр улсын засгийн газар хоорондоо зөвлөлдсөн боловч бүх зүйл нууцаар явагдсан аж. Зургаадугаар сарын 13-ны өдөр Монголын гадаад хэргийн яам онцгой эрхээсээ татгалзсан нот бичгийг Орос руу илгээсэн бөгөөд хэдэн өдрийн дараа наймаа батлагдаж, мөнгө даруй шилжсэн аж.
Энэ үеэр Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон “Худалдаа хөгжлийн банкны хувьд олон улсын санхүүгийн гэрээ хэлцэлд санхүүгийн бүрэн зөвлөгөө өгсөн. Хэлэлцээр нууцаар юм уу, гэнэт хийгдсэн зүйл биш. Маш урт хугацаанд яригдаж, олон гэрээ хэлэлцээр явагдсаны үндсэн дээр үзэглэгдсэн” гэсэн хариултыг өгсөн. Гэтэл 28 настай Пүрэвтүвшин гэх залуугаар толгойлуулсан, байгуулагдаад удаагүй “Монголын зэс корпораци”-ийн хувьд манай улсын стратегийн хамгийн гол хүч Эрдэнэт үйлдвэрийг хувьчлаад байгаа юм. Гэтэл тус компани өөрсдийн тодорхой оффис, бүртгэлтэй хаяган дээрээ ч байдаггүй нь бусад хүмүүсийг эргэлзүүлээд буй юм.
Худалдаа хөгжлийн банкны нийт хувьцааны 65.83 хувийг нь Люксембург улсын "Global investment and Development" компани, 7.32 хувийг Америкийн "US Global investment" компани, 19.95 хувийг Америкийн "United Banking Corporation", 4.78 хувийг "GS Mongolia investment", 2.12 хувийг л монголчууд эзэмшиж байгаа аж. Энэ хувийг Монголын талд зуун хувь авлаа гэдэг бол зүгээр л мэдээлэлгүй хэсэг бүлэг хүмүүст аятайхан сонсогдох ПР юм. Худалдаа хөгжлийн банкны хувьд 2014 онд 94 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан мөртөө 474 сая төгрөг буюу 0.05 хувийг л татварт төлжээ.
Эрдэнэт үйлдвэр ДНБ-д томоохон хувь эзэлдэг хэвээр байгаа. Гэтэл ХХБ-ны худалдаж авсан хөрөнгийг тус банк дангаараа байтугай, арилжааны 13 банк нийлээд ч гаргаж чадахгүй тооцоолол бий. Тэгээд ч банкууд өөрийн хөрөнгийн 20 хувиас давсан хөрөнгө оруулалт хийх хориотой байдаг. Энэ хязгаарыг давсан бол том асуудал үүсэх талаар эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр Б.Жавхлан гишүүн сануулаад авсан.
Хамгийн гол нь бүх зүйл хуулийн хяналтаас гадуур, нууц далд болж өнгөрсөн нь өнөөг хүртэл асуудал болоод байгаа юм. Ямартай ч Монголбанкнаас “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан мөнгөний эх үүсвэрийг шалгах юм.
Д.ГЭРЭЛ