Хүүхдийн парк буюу үндэсний соёл амралтын хүрээлэн хэнийх вэ гэх асуулт гарах бүрт автоматаар “Бодь” групп гэсэн нэр гардаг. Өөрөөр хэлбэл Л.Болд “Бодь” группийн ТУЗ-ийн дарга байх үедээ хүүхдийн парк бол нийслэлийн өмчид байх учиртай гэсэн үг унагаж, тус группийн хувь нийлүүлэгчид болох Д.Зоригт, Д.Баясгалан нартайгаа түнжин хагарч явж байсан ч удаатай. Нарийндаа бол Л.Болд хүүхдийн паркийн газар битгий хэл бүхий л компаниудаа аавынхаа өгсөн “Бодь” гэдэг нэрийнх нь хамт “булаалгачихаад” ядаж нэрээ өмчилж үлдье хэмээн шүүхэд гомдол мэдүүлж яваа юм байна.
Энэ хуваагдлын эцэст “Голомт” банк төдийгүй өнөөдрийн хүүхдийн парк ч Д.Баясгалан хэмээх “эзэн” дээр данслагдан үлдсэн байдаг. Ингэснээр хүүхдийн паркийн эзэн Д.Баясглан болоод байгаа юм. Тэгвэл Д.Баясгалан эрхмийн хүүхдийн парк буюу Үндэсний соёл амралтын хүрээлэн татвараас зайлсхийсэн байж болох үйлдэл сүүлийн үед гарах боллоо. Учир нь энэ сараас ирэх 11 дүгээр сард Үндэсний соёл амралтын хүрээлэнд зассан асарт тоглож буй "Далайн амьтдын тоглолт"-той холбоотой асуудал гомдол дагуулах болов.
"Монре транс" компанийн урилгаар ОХУ-ын "Московский Дельфинарий" явуулын далайн амьтдын циркийн хамт олон Улаанбаатарт ирсэн бөгөөд багийн бүрэлдэхүүнд гурван дельфин, сургагч, техникийн ажилтнууд багтаж байгаа аж. Тэд зориулалтын халаалтын төхөөрөмж, агааржуулагч бүхий тоглолтын асар, техник хэрэгсэл, усан сан зэргийг Москва хотоосоо зөөвөрлөн авчирч, Үндэсний соёл амралтын хүрээлэнд байрлуулжээ. Нийт 500 гаруй хүний суудалтай энэ асарт долоо хоногт есөн удаа, бүтэн сарын хугацаанд тоглолт болох юм байна. "Московский Дельфинарий" циркийг урьж авч ирсэн “Монре транс” компанийн дэд захирал Э.Оюунтөгс хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Даваа, мягмар гарагт
бид амьтдаа амраана. Лхагва, пүрэв, баасан гарагт 18:00 цагаас, бямба болон ням гарагт 12:00, 15:00, 18:00 цагаас тоглохоор болсон. Сар тоглоно гэсэн төлөвлөгөөтэй байгаа ч үзэгчид үргэлжлүүлэхийг хүсвэл сунгах боломж бий” хэмээн ярьжээ.
Тэгвэл тоглолтын тасалбар 15-30 мянган төгрөгийн үнэтэй. Тоглолт зохион байгуулагчид тасалбараа бэлэн мөнгөөр худалдаалж байгаа бөгөөд Е-баримт өгөхгүй байгаа юм. Үндэсний соёл амралтын хүрээлэнд нэвтрэхийн тулд иргэд 1000 төгрөг үүдэнд нь төлдөг. Харин дельфинүүдийн тоглолтын тасалбарыг худалдан авсан үзэгч дээрх 1000 төгрөгийг төлөхгүйгээр соёл амралтын хүрээлэнд нэвтэрч байгаа юм. Энэ талаар Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс тодруулахад тус хэлтсийн дарга “Энэ талаар манайхаас ажлын хэсэг гарч шалгана” гэсэн хариултыг өгсөн.
Үндсэндээ Е-баримт өгөхгүй тасалбар зарна гэдэг орлогоо нуух нэг хэлбэр гэж олон нийт хардаж байгаа юм. Мэдээж тоглолт зохион байгуулагчид асар барьж тоглолт зохион байгуулсныхаа төлөө Үндэсний соёл амралтын хүрээлэнд мөнгө төлөх нь тодорхой. Долоо хоногийн гурван өдөрт нэг удаа, хоёр өдөр өдөрт тус бүр гурван удаа тоглолт хийж байгаагаас ашиг олохгүй байна гэж байхгүй. Тиймдээ ч олсон ашгийнхаа хэрээр түрээс өндөр төлж таарна. Тэгвэл Д.Баясгалан захирал энэ түрээсийн мөнгөнийхөө орлогыг нуун дарагдуулж байна уу гэсэн хардлага үүсгээд байгаа юм. Ямартай ч бид энэ асуудлыг эргэн мэдээлэх болно.
Д.ГЭРЭЛ