Хээрийн цэцэг шиг зүсэн гундаж
Хэрхэн хувирснаа үл анзаарчээ
Хэдхэн жилд үсэн бууралтаж
Хэнтэй ханилсанаа би мартжээ
Гоёхон үгс нь иртэй болж
Гол таслам хорсгодог болж
Ялдамхан үгс нь үзүүртэй болж
Яс шархирам зовоодог болж
Сайхан бүхэн нь хувьсан өөрчлөгдөөд
Салахад хэцүү гав дөнгө болж
Янаглал амраглалын ариун өргөө минь
Яргалал үйлддэг байр болж
Халуухан үгс нь өргөстэй болж
Хадаас мэт л зоогддог болж
Халамжтай алга нь нударга болж
Халгай мэт л түлдэг болж
Дулаахан харц нь хуйв шиг исгэрч
Дургүйгээ хүрэхээр ороолгодог болж
Улаахан уруул нь шүд шиг тачигнаж
Уураа хүрэхээр зуудаг болж
Тайвширсан хойноо ухаан орж
Таныгаа би яачихваа гэх
Өөрийгөө зэмлэн өвдөг сөгдөх нь
Өнгөрсөнд хэдэн удаа юм бэ
Уйлан хайлан уучлалт гуйх нь
Урьд урьдахаасаа ч сурмаг болж
Өөрийгөө зүхэн өршөөл эрэх нь
Өнөө сараа ч даахаа болиж
Зочидын дунд хайрандаа умбуулж
Золтой л чи минь эргээд ирж гэлтэй
Харсан гийчдэд ч атаархал төрүүлэм
Халамжилж суух нь нигүүсэл гэлтэй
Явсан хойно нь хөмсөг зангидан
Ямбайтай гэгч нь буйдандаа залрах
Яравгар царай хүйтэн харцаараа
Ялтан харгалзагч шиг дагуулж харах
Шалтаг гээчийг чи минь л олж
Шар хорыг буцалтал маажилна
Эсрэг үг ганц л дуугарвал
Эрүү шүүлтээ та эхэлнэ
Дөлгөөхөн төрх нь улалзан шатаж
Дөлөнд нь би эрвээхий шиг цонгодог
Зовлонгийн далайг гэтлэшгүйг ойлголгүй
Зодуурын шартай аргадуулж тайтгардаг
Энхрийхэн үгс нь мэс болж
Энд тэндгүй дүрдэг болж
Элбэрэл хайр нь илд болж
Энэрэхээ мартан цавчдаг болж
Хэлдэг үг тань хэлбэрээ сольжээ
Хэзээ инээснээ би мартжээ
Хүрдэг гар тань утгаа өөрчилжээ
Хүртдэг таашаал минь өвдөлт болжээ
Б.МӨНХ-ОРГИЛ
2016.10.16-нд