Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын Үндсэн хуулийн 56 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд улсын ерөнхий прокуророор М.Энх-Амгаланг томилох саналыг зөвшилцөхөөр оруулсан. Тэгвэл М.Энх-Амгаланг улсын ерөнхий прокуророор томилох нь тодорхой болсон тухай албаны эх сурвалж мэдээллээ. М.Энх-Амгалан нь 1963 онд Улаанбаатар хотод төрсөн. 1971-1981 онд Ерөнхий боловсролын 11 дүгээр сургууль, зургаадугаар сургуульд тус тус суралцаж, 1982-1987 онд Зөвлөлт Холбоот Улсын Мөрдөн байцаах дээд сургуульд хууль зүйн бакалавр, 2003 онд Оросын Холбооны Улсын МКСВУЗ-д хууль зүйн магистрын зэргийг тус тус эзэмшсэн. Дээд боловсролтой, эрхзүйч мэргэжилтэй. Тэрбээр 1987-1988 онд Хөвсгөл аймгийн Цагдан сэргийлэх ангийн мөрдөн байцаагч, 1988-1991 онд Улаанбаатар төмөр замын Цагдан сэргийлэх ангийн мөрдөн байцаагч, 1991-2008 онд Улсын Мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, хэлтсийн дарга, газрын дарга, 2008-2012 онд Цагдаагийн ерөнхий газарт дэд даргаар тус тус ажиллаж байсан.