10.27

Худалдаа хөгжлийн банк Компанийн тухай хуулийг зөрчсөн үү

"Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн талаарх асуудал өнөөг хэр намдаагүй л байна. Хамгийн сүүлд Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд Худалдаа хөгжлийн банкны захирал О.Орхон, экс Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар оролцсон. Тухайн үед УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хэлэхдээ  “Үүний цаана байгаа нууц хүнээ гаргаад ир. Үхэхээсээ наана тэр хүнийг чинь үзмээр байна. Тэр Д.Эрдэнэбилэг гэдэг хүнийг чинь Монголын ард түмэн үзэг л дээ. Энэ ганц Эрдэнэт үйлдвэрийн асуудал биш. Бизнесийн ийм бүлэглэл төрийн толгойд гарч, хүссэн бүхнээ хийдэг болох уу гэсэн асуудал яригдаж байна. Ер нь бид өмнө нь Худалдаа хөгжлийн банкнаас долоон дор засгийн газартай байсан юм байна гэдэг нь өнөөдөр ойлгогдлоо. “Ростех”-ээс нэг бичиг явуулснаар Монголын засгийн газар бүх шаардлагыг нь биелүүлсэн байгаа юм. Ингэж болох уу. УИХ-аас бүрдэх ажлын хэсэгт АН-ын гишүүдээс оруулсан нь дээр. Дээр нь О.Баасанхүү, С.Жавхлан нарыг ч оруулах хэрэгтэй. Монгол хүний сэтгэлээр улстөржилгүй энэ асуудлыг шийдмээр байна. Орхоон, чи их том байна аа. Цаанаа том хүчтэй болохоор чи ингэж  чанга дуугарч байгаа юм” гэсэн юм. 
Харин О.Орхон захирал  эхлээд ярихдаа "400 сая долларын үнэтэй гэрээний 200 сая доллар дээр нь компани өөрөө санхүүжилтээ гаргаж, 200 сая долларыг нь Худалдаа хөгжлийн банк босгосон. Худалдаа хөгжлийн банк бол санхүүжүүлэгчдийн нэг. Мөнгө шилжсэн, хоёр талын Засгийн газрын түвшинд хэлцлээ зөвшөөрч, хийгдсэн. Хувьцаа ч мөн адил шилжсэн байгаа. Бид буруу юм хийсэн гэж бодохгүй байгаа" гэж байсан бол сүүлдээ “Бүх санхүүжилтийг манай Худалдаа хөгжлийн банк босгосон. Гадны дотны компаниудаас зээл авсан зүйл бол байгаа. Өөрийн хөрөнгөө ч нэлээд сайн оруулсан” хэмээн хоёр өөр зүйл ярьж эхэлсэн. 
Тэгвэл Худалдаа хөгжлийн баруунд өргөн хэрэглэгддэг хувьцаа худалдан авах санхүүжилтийн схемийг ашигласан нь буруугүй. Хөндлөнгөөс энэ нь хууль бус үйлдэл биш бөгөөд зөвхөн сэжигтэй л харагдуулдаг. "Эрдэнэт"-ийн 49 хувийг харин хэрхэн өөрийн мэдэлд авсан нь өөрөө санхүүгийн луйвар буюу эдийн засгийн гэмт хэрэг мөн. 49 хувийн хувьцаа эзэмшигч нь ТУЗ-ийн даргыг томилно гэх заалтыг дүрэмд оруулж улсын бүртгэлд бүртгүүлсэн нь  Компанийн тухай хуулийг зөрчиж улсын бүртгэлд бүртгэгдсэн дүрэм гэдгийг харуулж байна. Хууль хяналтын байгууллага "Эрдэнэт"-ийн хувьцаа худалдан авсан компанийн санхүүг шалгаж дүрмийн санг нэмэгдүүлсэн хөрөнгийн гарал үүслийг шалгаж тогтоох хэрэгтэй хэмээн олон нийтийн зүгээс шаардлага тавиад байгаа юм.