10.28

Оюутнууд мэргэжлийнхээ дагуу ажиллаад цалинждаг системийг бий болгоно

"ЦАГИЙН АЖИЛ МОНГОЛД" хэлэлцүүлгийг МЗХ-ны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж 2016.10.27-ны өдөр зохион байгууллаа. 

Хэлэлцүүлэгт Сингапур, Тайланд, Энэтхэг, АНУ, Япон, Орос, Солонгос, Франц, Хятад, Монгол зэрэг улсуудад цагийн ажил эрхэлж байсан залуучууд болон Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын залуучууд холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцож туршлага солилцож, эрх зүйн зохицуулалт болоод төрөөс оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн талаар хэрэгжүүлэх хөтөлбөрийн талаар хэлэлцлээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болоод, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас одоо хэрэгжиж буй цагийн ажлын хуулийн талаар болон оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны тухай илтгэл хэлэлцүүлж, цаашид Хөдөлмөрийн хуулийн заалтанд цагийн ажлын талаар шинэ заалт оруулах, Сингапур, Тайланд орнуудын туршлага болох суралцах хугацаандаа мэргэжлийнхээ дагуу ажиллаад цалинждаг системийг "Дадлагажих" хөтөлбөр болгон Монголд хэрэгжүүлэх боломжтой хэмээн үзлээ. Мөн Засгийн газраас батлан, шинээр хэрэгжүүлэх "Орлоготой оюутан" хөтөлбөрийг Залуучуудын Хөдөлмөрийн төв биржийн "Цагийн ажил" төслийн туршлагаар хэрэгжүүлж, "Цагийн ажилтны дэвтэр"-ийг оюутны хөдөлмөр эрхлэлтийн карт болгох нь зүйтэй гэсэн саналуудыг дэмжсэн юм.

Энэхүү хэлэлцүүлгийн үр дүн нь цаашид цагийн ажлын талаар баримтлах баримт бичиг болгон гаргахаар болжээ. Мөн Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж тус хэлэлцүүлгийг цаашид өргөн хүрээнд буюу Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй Хувийн хөдөлмөрийн биржүүдийн дунд зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Залуучуудын Хөдөлмөрийн төв биржээс өнгөрсөн 3 жил гаруйн хугацаанд хэрэгжүүлж байгаа "ЦАГИЙН АЖИЛ" төслийн хүрээнд 24.000 гаруй оюутан залуучууд цагийн ажилд зуучлагдаж нийт давхардсан тоогоор 412 сая төгрөгний цалин авсан билээ. Энэхүү тоо баримт нь Монголд цагийн ажил хөгжих боломжтойг бэлэхнээ харуулж байна.