Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Болор энэ оны наймдугаар сарын 4-ний өдөр Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон О.Оюунтуяаг хүлээн авч уулзаж, Соёлын элчийн гэрчилгээг гардуулжээ. Мисс О.Оюунтуяа ХБНГУ-ын Бюдельсдорф хотноо жил бүр зохион байгуулагддаг “НордАрт” орчин үеийн дүрслэх урлагийн үзэсгэлэнд Монгол уран бүтээлчдийг оролцуулах ажлыг өдгөө гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулж байгаа юм. Монгол Улс уг үзэсгэлэнд өнгөрсөн жил “онцлох орон”-оор оролцсон бөгөөд 30 гаруй уран бүтээлчдийн 100 орчим уран бүтээлийг толилуулж, ихээхэн амжилттай оролцсон юм.