11.03

Ц.Ням-Осор: ”Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувь эзэмшигчийн төлөөллөөс захирлыг томилно

 "Эрдэнэт" үйлдвэрийн 49:51 хувийн төлөөллүүд хэлцэл хийсний үр дүнд ТУЗ-ийн гишүүдээ томилжээ. Энэ тухай Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор  мэдээллээ. 
 “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ 7 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд тэдний 4 нь 51 хувийг эзэмшигч төрийн төлөөлөл байх бол 3 нь “Монгол зэс” компаниас бүрдэж байна. Засгийн газрын буюу "Эрдэнэт"-ийн нийт хувьцааны 51 хувийг эзэмшигч талыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын зөвлөх, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл, Сангийн яамны газрын дарга Н.Доржсэмбэд нарын 4 хүн төлөөлөх бол "Монгол зэс"  / Mongolian Copper Corporation/ компаниас ТУЗ-ийн гишүүнээр "Эрдэнэс Монгол" компанийн ТУЗ-ийн гишүүн асан Да.Ганболд, Худалдаа Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал О.Орхон, "Mongolian Copper Corporation" компанийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар нар ажиллахаар болжээ. Харин  ТУЗ-ийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн тэргүүлэх юм байна . 
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор "“Эрдэнэт”-ийн хувь эзэмшигчдийн төлөөлөл 10 гаруй удаа хуралдсаны эцэст ТУЗ-ийн дарга, үйлдвэрийн ерөнхий захирлын томилгоо дөрвөн жилийн хугацаанд хүчинтэй байх шийдвэр гарсан. 49 хувийг эзэмшигчид ТУЗ-ийн дарга, үйлдвэрийн захирлыг хоёр жилээр ээлжлэн томилох санал гарсан. Үүнийг ярилцаад давуу эрхийн хүрээнд 51 хувь эзэмшигчийн төлөөллөөс захирлыг томилохоор болсон. ТУЗ байгуулагдсан учир захирлын нэр дэвшүүлэхээс эхлээд үйлдвэрийн үйл ажиллагааг явуулах эрх нь үүсч байна. Тиймээс ТУЗ-ийн шийдэх асуудлууд үлдэж байна. Удахгүй хурлаа хийх байх. Ямар хүмүүс “Эрдэнэт”-ийн захиралд нэр дэвшихийг би мэдэхгүй. ТУЗ-ийн шийдэх асуудал бөгөөд захирлаар томилогдох хүн 66.6 хувиас дээш санал авч байж гарч ирнэ. Нэг үгээр ТУЗ-ийн таван гишүүн нэр дэвшигчийн  төлөө саналаа өгснөөр ялалт байгуулах юм. 
Төрийн өмчит компанийн ТУЗ-ийн гишүүд, дарга удирдлагууд өндөр хэмжээний цалин, урамшуулал хүртдэг болон компаниуд ашиггүй ажилласан ч урамшууллаа авч буй тогтолцоог хална. Үүнд бид судалгаа хийж байгаа бөгөөд хэн ямар цалин хөлс авч байсан талаар нийтэд мэдээлнэ. Эрдэнэтийн хувьд сүүлийн дөрвөн жилийн санхүү, хөрөнгө оруулалт болоод хууль эрх зүйн хүрээнд  хэрхэн ажилласныг шалгахаар УИХ-аас ажлын хэсэг гарсан" хэмээн мэдээллээ.