Бяцхан алаг үрдээ мөрөөдлийн гэмээр сайхан өрөөг тохижуулж өгөхийг хүсдэг л биз дээ? Хүүхэд гэдэг өөрөө маш эмзэгхэн, энхрий амьтан учраас түүний “ертөнц”-ийн бүх зүйл зөөлхөн, цэвэрхэн, гэгээлэг байх ёстой. Хүүхдийн өрөөнд гэрэлтүүлэг маш чухал үүрэгтэй. Орой унтахад нь тас харанхуй бус бүүдгэр таатай орчинг бүрдүүлж өгвөл хүүхэд тайвширч, шөнөжингөө сайхан нойрсдог. Тиймээс гэрлийн түвшингээр тохируулдаг чийдэнг зөвхөн таазандаа гэлтгүй ханандаа байрлуулвал өрөө илүү уужим, саруул харагдана. Хүүхдийн өрөөнд гял цал, тод өнгөтэй тавилга байхаас илүү эрүүл мэндэд нь сайнаар нөлөөлөх, чанартай эд зүйлс хэрэгтэй байдаг. Хананы өнгө хүүхдийн харааг ядраахгүй, тайвшруулах өнгөтэй байвал хүүхэд нь өдөржингөө өрөөндөө өнжсөн ч чадна.