11.07

Төсвийг сахилга баттай болгож, хоосон зардлаа нөхөхийн тулд тодотгодог байдлыг халах хэрэгтэй

УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэж батлах ёстой нэг чухал асуудал бол ирэх оны төсөв юм. Өнгөрсөн долоо хоногт ирэх оны төсвийн тухай хууль болон бусад дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцээд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороодод үүрэг болгосон.

Төсвийн орлогыг нэмэгдүүлэхээр гаргасан 2017 оны төсвийн төслийг боловсруулахад тооцсон төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн өөрчлөлттэй холбоотойгоор 2017 оны төсвийн жилд улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 90,758.2 сая төгрөгөөр, Ирээдүйн өв сангийн орлогыг 13,531.0 сая төгрөгөөр, Төсвийн тогтворжуулалтын сангийн орлогыг 519.5 сая төгрөгөөр нэмэгдүүлэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.5 хувь нь  дэмжив. Мөн “Монгол шуудан” ТӨХК-ийг 20,000.0 сая, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийг 30,000.0 сая төгрөгөөр хувьчлахаар тооцон, өмч хувьчлалын орлогыг 50,000.0 сая төгрөгөөр, Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн цэвэр ашгаас төрийн өмчид ногдох ногдол ашгийн хувь хэмжээг нэмэгдүүлэх замаар хувьцааны ногдол ашгийн орлогыг 10,000.0 сая төгрөгөөр, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогыг 7,000.4 сая төгрөгөөр, Төсвийн тогтворжуулалтын сангийн орлогыг 85.4 сая төгрөгөөр нэмэгдүүлэх саналыг гишүүд дэмжээд байгаа юм. Төсвийн орлого бууруулах чиглэлээр ажлын хэсгээс Өвөрхангай аймгийн 2017 оны төсвийн суурь орлогыг 621.6 сая төгрөгөөр, бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийн багцын бараа үйлчилгээний зардлыг 1.0 хувиар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны орон тоог 50.0 хувиар багасгаж, урсгал зардлыг 765.0 сая төгрөгөөр, Спортыг дэмжих болон Соёл урлагийг дэмжих сангуудын урсгал зардлаас нийт 4,000.0 сая төгрөгөөр, Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгийг 2017 оны төсвийн жилд ашиглан Засгийн газрын гаргах үнэт цаасны хэмжээг бууруулсантай холбоотойгоор хүүгийн зардлыг 47,993.4 сая төгрөгөөр бууруулахаар гаргасан саналуудыг мөн гишүүдийн олонх дэмжээд байна.

Эдгээр санал дүгнэлтүүдийг холбогдох байнгын хороодоор энэ долоо хоногт хэлэлцэж шийдвэрлээд ирэх оны төсвийн тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэх учиртай.

Өдрөөс өдөрт өрийн дарамтанд орж буй манайх шиг улсад нэн түрүүнд хэрэгтэй зүйл бол илүү зардлаа танаж төсвийн сахилга баттай болох явдал юм. Харин ингэхдээ хоногийн хоолондоо хоёр зүсэм талх хэрэглэж буй иргэдийнхээ нуруун дээр ачааны хүндийг үүрүүлж болохгүй. Өөрөөр хэлбэл төсвийн орлогыг нэмэгдүүлэх гэж элдэв татварын хувь хэмжээг нэмэхгүй байх ёстой. Одоо өдрөөс өдөрт төсвийн сахилга батыг сахиулж, шаардлагагүй тансаг хэрэглээг цаг үргэлж танаж хасах хэрэгтэй. Ж.Эрдэнэбат тэргүүтэй Засгийн газарт элгээрээ хэвтсэн эдийн засгийг эргэн сэргээх чухал үүрэг энэ дөрвөн жилийн турш ноогдох болно. Тиймээс эхнээсээ хэрхэн зөв ажиллахаас нь шалтгаалж дөрвөн жилийн дараа "мэргэжлийн" гэх тодотголтой Засгийн газарт дүнгээ тавина биз ээ. Ер нь чадахгүй байж баахан хий хоосон зардал тооцоо гаргаж тавьчихаад дараа нь төсвөө тодотгодог хачин зуршлаа халах нь зүйтэй.

Б.Анир