04.24

Мэргэжлийн байгууллагын шаардлагыг үл тоосон “Би Жи Би Жи”-гээс болж иргэд хохирч байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны 48 айлын, 12 давхар, 16 дугаар байрны зүүн талд  “Би Жи Би Жи” компани эзэмшил газраа хэтрүүлэн орон сууц, үйлчилгээний зориулалттай барилга барьж, тус байрны хажуугийн үерийн даланг нурааснаас  тухайн байрны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоогийн мэдээлснээр 16 дугаар байрны зүүн талын газарт 18 давхар орон сууц барих зөвшөөрлийг 2014 оны долоодугаар сарын 22-нд Барилга хот байгуулалтын яамнаас авсан байна. Баянгол дүүргийн Засаг дарга удаа дараалан Барилга хот байгуулалтын яаманд албан бичиг өгсөн боловч уг асуудлыг шийдвэрлэж өгөөгүй төдийгүй одоог хүртэл хариу өгөөгүй гэсэн юм.

Одоогийн байдлаар байрны нөхцөл байдал дээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэргэжилтнүүд ажиллаж, цагдаагийн албаныхан хамгаалалтад аваад байна. Харин өмнө нь энэ асуудлаар иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагч өнгөрсөн оны 10 дугаар сард “Би Жи Би Жи” компанийн барьж байгаа барилгын ажлын явцад хяналт шалгалт хийж байжээ. Шалгалт хийхэд хорооны Засаг дарга болон СӨХ-ны гүйцэтгэх захирал, иргэдийн төлөөлөл байлцсан байна. 16 дугаар байрны зүүн талын далангийн дагуу хамгаалалт хийлгүй газар шорооны ажил хийснээс нягтруулсан шороо их хэмжээгээр нурж хөндий үүссэн, зам, талбайн хавтан хөдөлгөөнд орж нурах аюултай болсныг шалгалтаар тогтоосон байна.

Мөн автомашинууд байрлуулсан нийтийн эзэмшлийн зам, талбайгаар иргэд зорчиж байгаа нь Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 /хүн ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдүүлсэн, түүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан/ заалтыг зөрчсөн гэж үзжээ. Иймээс тухайн орчинд аюулгүй бүс татан хамгаалалт хийж, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байрлуулах, нурсан газарт бэхэлгээ, хүчитгэлийг мэргэжлийн байгууллагаар яаралтай хийлгэн хэвийн байдалд оруулахыг “Би Жи Би Жи” компанид үүрэг болгож байсан байна. Гэвч тус компани энэхүү үүрэг даалгаврыг тоолгүй явсаар энэ байдалд хүрч, тухайн байрны оршин суугчдыг хохироогоод байгаа нь энэ юм.

Нэгэн зүйлийг онцлоход нийслэлийн Засаг даргын 2014 оны хоёрдугаар сарын 24-ний өдрийн А/115 тоот захирамжаар 3000 м.кв газрыг таван жилийн хугацаагаар “Би Жи Би Жи” компанид гараж, үйлчилгээний зориулалтаар олгосон байна. Гэтэл Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар 2014 оны гуравдугаар сарын 19-ний өдөр БГД/337 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавраар үйлчилгээ бүхий 18 давхар орон сууцны барилга болгож газрын зориулалтыг өөрчлөн баталсан байгаа юм. Энэ нь Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь /олгосон газарт зориулалтын бус барилга, байгууламж барих, хүн амын амьдрах орчны чанарт сөрөг нөлөө бүхий үйл ажиллагаа явуулах/ заалтыг зөрчсөн гэсэн үг.

Иймээс архитектур төлөвлөлтийн даалгавраа цуцалж, газрын зориулалтын дагуу төлөвлөлт хийхийг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас, барилгын эскиз зураг төслийг хянан баталгаажуулсан “Петронас Тауэр” компанийг зөрчлөө арилгах тухай улсын байцаагчийн албан шаардлагыг 2014.09.22, 2015.03.23-ны өдөр тус тус хүргүүлж байжээ. Гэсэн ч “Би Жи Би Жи” компани албаны шаардлагуудыг уландаа гишгэсээр ирсэн байгаа юм.  Төрийн байгууллагуудаас хүргүүлсэн шаардлагыг биелүүлдэггүй том толгойтой компанийн буруутай үйл ажиллагаанаас болж өдгөө иргэд хохирч байна. Түүнчлэн дур мэдэн газрын зөвшөөрөл олгодог байдал өнөөдөр иргэдэд заналхийлж байна. Мэдээж дээрх үйл явдал энэ мэт маапаантай газар олгодог, хариуцлагаас зугтдаг нөхдөд сургамж болоосой хэмээн олон нийт хэлж байгаа юм.