Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осортой ярилцлаа.
-Оргил рашаан сувилал, Хөрөнгийн бирж, Төрийн банк зэрэг төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийг хувьчилж орлогоо нэмэгдүүлнэ гэж ирэх оны төсвийн төсөлд тусгаад байна. Эдгээрээс гадна цаашлаад хэдэн аж ахуйн нэгжийг хувьчилж, хэр хэмжээний орлого бүрдүүлнэ гэж төлөвлөж байгаа вэ?
-2016-2017 оны хувьчлалын хөтөлбөрийн хүрээнд Хөрөнгийн бирж, Төрийн банк, Оргил рашаан сувилалыг хувьчилж төсөвт 112 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тусгасан. Мөн нэмээд “Монгол Шуудан”-гийн 66 хувь, “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ”-г хувьчлаад 50 тэрбум төгрөгийн орлого гэж тооцвол нийтдээ 170 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлэх урьдчилсан чиглэл гарсан. 2015-2016 оны өмч хувьчлалын үндсэн чиглэл дууссан. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар шинээр 2017-2020 оны хооронд баримтлах үндсэн чиглэлээ боловсруулсан. Ер нь өмч хувьчлалд дөрвөн чиглэл баримтлаж байна. Нэгдүгээрт, төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдээс 8-9-ийг татан буулгах шаардлагатай гэж үзсэн. Энэ нь огт үйл ажиллагаа явуулдаггүй, зориулалтын хөрөнгөгүй, үйл ажиллагаа нь жигдрээгүй байгууллагууд юм. Хоёрдугаарт, арваад компанид бүтцийн өөрчлөлт хийнэ. Гуравдугаарт, үйл ажиллагаанд нь төр заавал оролцох шаардлагагүй гэсэн 30 гаруй компани байгаа. Үүнд төр оролцох хүрээ хязгаараа тогтоогоод ирэх дөрвөн жилд 30 орчим компанийг хувьчилж болно гэж үзэж байгаа. Наад зах нь 21 аймагт Авто зам ашиглалтын компани гэж байдаг. Хувийн зам ангиуд хүчтэй болсон нөхцөлд төр захиалгаа өгөөд замаа бариулж болно. Дөрөвдүгээрт, Монгол Улсын эдийн засгийг үүрч явдаг 40 гаруй компани байдаг. Үндэсний аюулгүй байдал, стратегийн ач холбогдолтой компаниуд юм. Эдгээр 40 гаруй компанийн удирдлага, менежментийг сайжруулаад төр авч явах ёстой. Мэдээж аль ч улсад төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой компани байдаг. Эдгээр компаниудын иийт эдийн засагт үзүүлж байгаа нөлөөлөл доод тал нь 32 хувь байх ёстой гэсэн дэлхийн жишиг бий. Тиймээс бид энэ чиглэлд бодлогоо барихын төлөө ажиллана. Гэхдээ манай улс хоёр талдаа том гүрэнтэй орон учраас төмөр зам, МИАТ компанийн хувьчлал үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Дулааны цахилгаан станцуудын тухайд аймаг, орон нутагт их хувьчилсан. Алдаа их гарсан. Хувьчлаад авсан компани нь дулааныхаа үнийг нэмнэ гээд байдаг. Үнээ нэмүүлэхгүй гэхээр нөгөө компани нь үйл ажиллагаагаа зогсоолоо гэвэл ямар ч арга байхгүй. Ялангуяа Улаанбаатарын III, IV цахилгаан станц нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Энэ бүгдийг нарийн судлах үүргийг Засгийн газраас өгсөн. Төр оролцох шаардлагагүй ач холбогдолгүйг нь хувьчилж, хэн ч авахгүй, шаардлагагүй компаниудыг нь татан буулгаж, зарим нэгийг нь нэгтгэх, харин үндэсний аюулгүй байдалтай холбоотой томоохон компаниудыг тодорхой болгоод удирдлага, менежментийг нь сайжруулаад авч явъя гэсэн дөрвөн чиглэлээр боловсруулж байна. Энэ сарын сүүлээр Засгийн газраар дахин оруулна. Засгийн газар яамдаас бүх саналаа аваад, зөвшөөрвөл энэ саналыг УИХ-д оруулна. Өмч хувьчлалын үндсэн чиглэлийг батлах, өмч хувьчлалын бодлогыг батлах нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Үүнийг оноос өмнө шийдвэрүүлэх зорилготой байна.
-Тэгвэл хувьчлахаар ярьж байгаа Хөрөнгийн бирж, Төрийн банкийг ирэх дөрвөн жилд хувьчилна гэсэн үг үү?
-2015-2016 оны өмч хувьчлалд багтсан, нэгэнт зарлачихсан. Өөрөөр хэлбэл ирэх жил "Монгол Шуудан”-гийн 66 хувь, “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” Оргил рашаан сувилал, Хөрөнгийн бирж, Төрийн банкыг хувьчилна. Дараагийн хувьчлал, өөрчлөн зохион байгуулалт эрх зүйн хувьд бүрдээгүй. Зөвхөн боловсруулалтын шатандаа явж байна.
-Хувьчлалын асуудал яригдаад эхлэхээр хувийн компаниудын лобби яваад эхэлдэг. Төрийн мэдэлд компани байх шаардлагагүй, бүгд хувьд байх ёстой гэдэг. Гэтэл нөгөө компанудыг төр ажлуулахаар алдагдалтай, хувийн хэвшил аваад ажлуулахаар ашигтай ажиллаад байдаг?
-Төрийн мэдэлд компани байвал удирдлага, менежментийг нь сайжруулах ёстой. Мөн олон нийтийн хяналтыг сайжруулах хэрэгтэй. Нөгөө талаар үндэсний аюулгүй байдалтай холбоотой компаниуд төрийн мэдэлд байхгүй бол болохгүй. Ер нь бүх зүйл хувьд очоод сайжирдаг гэсэн зүйл байхгүй. Юун түрүүнд төр юунд оролцох, оролцохгүй вэ гэдэг заагаа тогтоох хэрэгтэй.
-Ер нь төрийн өмчийн компаниудыг хувьчлах хэр ач холбогдол вэ?
-Төрд компани байхаар төр олон улсын төвшинд компанийн засаглалын хэмжээнд удирдаж авч явж чадахгүй болохоор алдагдал гаргаад байдаг юм. Тухайн компани алагдалтай ажиллахад төр л төлдөг. Төр их нүсэр ажлын хажуугаар аж ахуйтай ноцолдож, өр төлбөрт үүсгэх системийг дэмжиж болохгүй. Гэхдээ төр хувийн сектороос хэт хараад болохгүйн тулд гол салбараа хяналтандаа байлгах хэрэгтэй.
-“Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ”-г хувьчилна гэж байна. Үүнийг хувьчилснаар цахилгааны үнэд нөлөөлөх үү?
-Дархан-Сэлэнгийн цахилгаан станц хувьчлагдаад олон жил болж байна. Одоо хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа. Эд бол үйлдвэрлэгч биш, жижиглэнгийн бараа тараагчид. Үйлдвэрлэгч нь төр. Тиймээс ямар үнээр цахилгаанаа зарахыг төр шийднэ. Цахилгаан, хуваарилалт, хязгаарлалт, хяналт төрийнх. Гэрээт борлуулагч нар өөрийн мэдлээр барааны үнийг тогтоодоггүйтэй адилхан. Гэр хороолол, аж ахуйн нэгжүүдэд төр очиж ажиллах гээд асар өндөр зардал гаргаж, нүсэр орон тоотой ажиллаж байна. Харин хувьд очихоор энэ нь багасдаг. Ер нь хувьчлалын хүрээнд ажлын байр, иргэдэд үйлчлэх хүрээг хязгаарлахгүй гэж гэрээнд тусгадаг. Бүх л цахилгаан өгч байсан газар хэвийн өгнө.
-“Эрдэнэт” үйлдвэрийн ТҮЗ-ийн гишүүд болон ТУЗ-ийн дарга томилогдсон. Одоо үйлдвэрийн даргыг томилох ажил хүлээгдээд байна. Энэ ажил ямар шатандаа явж байгаа вэ?
-Хамгийн том асуудал нь Монголын талын 51 хувийг алдчихсан байсан. Өнгөрсөн зургадугаар сарын 27-нд өмнөх Засгийн газар алдаа хийх нь хийсэн. 49 хувийг монголын талын компанид зарсан нь хууль зөрчсөн эсэхийг хуулийн байгууллага тогтооно. Гэхдээ 49 хувь нь өөрчлөгдөнгүүтээ захирлуудыг нь солиод, бүтцийн өөрчлөлт хийгээд, ажилчдыг их хэмжээгээр хална гээд шуугиан тарьсан. Үүнд иргэд их дургүйцсэн. Энэ асуудалд сүүлийн сар гаруй хугацаанд анхаарч ажиллалаа. Төрийн өмчийн төлөөллийн 51 хувийг манайх хариуцна. Ингээд 49 хувийг авсан талтай хэлцэл хийхээр нэлээд удаан ажиллалаа. Өнөөдөр нэгэнт 49 хувийг авсан талтай уулзаад, санал солилцохоор луйварчидтай төр хэлцэл хийнэ гэж юу байдаг юм гэсэн хандлага гарч байна. Гэхдээ нэгэнт л мөнгөө төлөөд 49 хувийг авчихсан талтай төр хэлцэл хийнэ. Олон хоног хэлцэл хийсний үр дүнд төрийн хуучин эрх мэдлийг авч чадсан. Эрдэнэтийн ТУЗ-ийн есөн гишүүнтэй байсныг долоо болгосон. Үүний дөрөв нь төрөөс, гурав нь 49 хувь эзэмшиж байгаа талаас томилогдож, ТУЗ-ийн даргыг төрөөс хоёр жилийн хугацаатай томилно. Үйлдвэрийн даргыг төрөөс томилно гэж хуучин Оросын талтай хамтарч байсан үеийнхтэй ижил болгосон. Төр бүх эрх мэдлээ авсан. Үйлдвэрийн захирлын асуудлыг ТУЗ шийднэ. ТУЗ шийдэхдээ төрийн талаас санал болгож байгаа хүнийг л томилно.
-Үйлдвэрийн удирдлагууд, ТУЗ-ийн гишүүдийн цалин, урамшуулал өндөр байна гэсэн шүүмжлэл байдаг. Үүнийг хаанаас зохицуулдаг вэ?
-ТУЗ-ийн дэргэд дэд хороод байдаг. Компанийн хуулиар Цалин урамшуулалын хороо, Аудитын хороо, Нэр дэвшүүлэх хороо гээд гурван хороо байдаг. ТУЗ-ийн хурлаар эдгээр хорооны дарга нараа томилсон. ТУЗ-ийн даргаар У.Бямбасүрэнг томилсон. Нэр дэвшүүлэх хороо, Д.Ганболд, Аудитын хороо М.Мөнхбаатар, Цалин урамшуулалын хороо Н.Доржсэмбэд гээд хороодын дарга нар томилогдсон. Одоо Засгийн газраас захирлыг нэрийг дэвшүүлбэл ТУЗ хурлаа хийгээд томилно.
Лхагважаргал Одончимэг
www.zaluu.com