“Монгол модель” агентлагийн загвар өмсөгч С.Эрдэнэцогт найзуудтайгаа хамтран “Body-Engineer” фитнесс клуб нээхээр болжээ. Түүний хувьд модель С.Төгстэй хамтарч хөөрхөн охины эцэг эх болсон ч хоёр тийш болсон. Үүний дараа нэг хэсэгтээ л хэл амны бай болсон тэрбээр сүүлийн үед нам жим байсан юм.
Тэгвэл энэ удаа хувийн баизнес эхлүүлэхээр болжээ. С.Эрдэнэцогт энэ тухайгаа “Сүүлийн үед залуучууд бие галбиртаа их анхаардаг болж. Шинээр фитнесс клубууд их нээгдэж байна. Ер нь фитнесс нээчихвэл зүгээр юм болов уу гэж бодсон. Манай фитнесс багш сайтай. Клубийн “Body-Engineer” нэрний тухайд гэвэл бодибилдингийн хувцас биш цэвэр фитнессийн хувцасны брэнд байдаг. Манайх тэдний албан ёсны дистрибьютер юм. Удахгүй бүтээгдэхүүнийг нь оруулж ирнэ. Тэр утгаараа нэрээр нь нэрлэсэн. Фитнесст өмсөхөд тохиромжтой хувцас гэж тодорхой хувцас байдаггүй шүү дээ. Манайх болохоор фитнесст өмсөхөд тохиромжтой болон гадуур өмсөхөд стиллэг хувцаснуудыг оруулж ирэх болно. Хүмүүсийн хандлага маш эерэг байна. “Max Мall”-ын сүлжээ дэлгүүрүүдээр зарна. Бүс, бээлий, гар бугуйны хамгаалалт, өвдгөвч гэхчлэн цогцоороо бий. Фитнессийн албан ёсны нээлт таван сарын дундуур “Max mall”-д болно” хэмээн ярьжээ.