Далай ламын Монгол Улс дахь айлчлалд манай улсын Засгийн газрын зүгээс ямар нэгэн оролцоо байхгүй гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ өмнөд хөршийн тухайд анхаарал татсан мэдэгдлүүдийг хийж байр сууриа илэрхийлж байна. Хятад улсын зүгээс Далай ламын айлчлалаас үүдэн гарах сөрөг нөлөөллийг арилгаж, эрүүл зөв замаар хөгжиж буй Хятад-Монголын харилцааг алдагдуулахаас татгалзахыг Монгол Улсад хандан уриалсан талаарх мэдээллийг тус улсын хэвлэлүүд уламжилж буй. БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гөн Шуаны мэдэгдэлд “Далай ламын тус улс дахь айлчлалыг БНХАУ эсэргүүцэж байгаагаа нэг бус удаа илэрхийлсэн боловч Монголын тал Далай ламыг өөрийн оронд хүлээн авлаа. Далай лам Монголд айлчилж байгааг Хятад улс эрс эсэргүүцэж байна” гэсэн байна. Ер нь бол Далай ламын айлчлалыг эсэргүүцсээр байтал Монгол Улс хүлээн авсан нь хоёр улсын харилцаанд сөргөөр нөлөөлж болзошгүй гэх ажиглалтыг шинжээчид хийж байгаа юм.
Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ген Шуан “Далай лам бол шашны нэрийн дор Төвдийг БНХАУ-аас салан тусгаарлахыг оролддог улс төрийн дүрвэгч юм. Бид Монгол улсаас хоёр орны найрсаг харилцааг хүндэтгэн, Төвдийн асуудлаарх байр сууриндаа үнэнч байж, Далай лам болон түүний хүмүүсийг тус улсад айлчлахыг хориглохыг хатуу шаардаж байна” хэмээн хэлснийг New York Times нийтлэсэн байсан.
Эх сурвалж: Шуурхай.мн