11.22

М.Анхцэцэг: Миний зорилго мөнгө биш, Монголынхоо төрийн дууллыг эгшиглүүлэх юм

Хүндийг өргөлтийн залчуудын Азийн аварга, оюутны дэлхийн аварга М.Анхцэцэг  эх орондоо ирлээ. Тэрбээр нэг долоо хоногийн дотор болж өнгөрсөн хоёр ч томоохон тэмцээнд зардлын мөнгөгүйн улмаас дасгалжуулагчгүйгээр ганцаар явсан билээ. Түүний хувьд "Рио 2016" олимпийн наадмын үеэр тохойндоо авсан үл ялиг бэртэл нь сүүлд оролцсон оюутны ДАШТ-ий үеэр сэдэрсэн ч зургийг нь авахуулж тодорхой эмчилгээ хийлгээгүй байсан учраас эх орондоо ирэнгүүт эмнэлэгт үзүүлэхээр болсон юм. Энэ үеэр М.Анхцэцэг "Долоо хоногийн дотор болсон хоёр ч том тэмцээнд түрүүлж, залуучуудын Азийн аварга, оюутны дэлхийн аварга болсондоо баяртай байна. 11 дүгээр сарын 11-нд эх орноосоо мордож яг арав хоногийн дараа эх орондоо ирлээ. Багшгүй ганцаараа явах хэцүү байсан. Багшийгаа их үгүйлсэн" хэмээсэн бөгөөд гадны улсаас санал ирсэн тухайд "Тодорхой хэмжээнд өндөр үнэ хэлсэн ч гадуур яваад байгаа мэдээлэл шиг бишээ. Миний гол зорилго бол мөнгө биш, дэвжээн дээр гараад, голын тавцан дээр зогсоод Монголоор овоглож, Монголынхоо төрийн дууллыг эгшиглүүлэх байдаг. Эх орон хүнд ганц л олдоно шүү дээ. Тиймээс гадагшаа явахгүй" хэмээсэн юм.