11.23

Далай лам: Сүм хийд зөвхөн сүслэх газар биш, суралцах газар байх ёстой

Буддын шашны тэргүүн, XIV Далай лам Монгол оронд ес дэх удаагаа айлчлаад өнөөдөр буцлаа. Айлчлалын хүрээнд болсон үйл явдлаас тоймлон хүргэе. 

Монголд хийж буй ес дэх айлчлалынхаа үеэр Далай лам нийт сүсэгтэн олонд хандсан номын айлдвараа Буянт-Ухаа спорт цогцолборт хийсэн бөгөөд энэ үеэр 12 мянган хүн цугласан байна. Буянт-Ухаанд болсон номын айлдвар, удаах өдөр нь болсон “Буддын шашин ба шинжлэх ухаан” хэлэлцүүлэг, түүний дараа оюутан залуустаа уулзсан юм. Тэрбээр бүтэн өдрийн турш сүсэгтнүүдэд хандан номын тайлбар хийхдээ Бурхан багшийн айлдсан “Миний сургаалыг сайн судалж үзээд дагах ёстой” гэсэн сургаалыг эш татсан.

 Өөрөөр хэлбэл, Буддын шашинтан гэх атлаа Буддын гүн ухаан гэж чухам юу вэ гэдгээ мэддэггүй лам хард очиж, хурал ном хуруулах төдийгөөр сэтгэдэг хүмүүсийг зүй ёсоор нь энэ ухааныг судалж мэдээсэй, бурхны шашны жинхэнэ утга учрыг таньж, сэтгэлээ гэгээрүүлээсэй, үүний тулд Монголын лам хуваргууд өөрсдөө манлайлан одоогийн төөрөгдөл гажуудлаа засч залруулаасай гэсэн хүсэлтээ тэрбээр илэрхийлсэн гэж болно. 

Мөн тэрбээр “Сүм хийд зөвхөн сүслэх газар биш, суралцах газар байх ёстой. Тийм учраас лам хуваргууд нь маш их суралцах хэрэгтэй. Зарим бурхны шашинтай оронд сүсэгтнүүд сүм хийддээ хандах хандлага муудаж байгаа нь сүм зөвхөн гүрэм дором хийж, лам хуваргууд нь суралцахгүй байгаатай холбоотой”  хэмээсэн юм. 

Түүнчлэн “Дан ганц сүсэг бишрэл, залбирал үйлдсэнээр гэгээрэлд хүрэх боломжгүй. Билиг оюун, сайхан сэтгэлийг хөгжүүлсний үндсэн дээр гэгээрэлд хүрэх болно. Бид зөвхөн сүсэг бишрэлээ хөгжүүлэх гэж яаралгүй Бурхан багшийн айлдсан сургаалыг нягталж, судалж тэрээр яг юуг номлосны учрыг ойлгох нь хамгаас чухал юм. Бид амар амгалангийн төлөө зүгээр л залбирах биш үйлдэл хийх ёстой” хэмээн онцолсон. 

Тэгвэл Далай ламын энэ удаагийн айлчлалыг Х Богдыг тодруулахаар ирсэн гэсэн таамаглал байсан нь оргүй хоосон зүйл биш байсан аж. Тэрбээр Их тэнгэрт хэвлэл мэдээллийнхэнтэй уулзах үеэрээ “X Богд Монголд мэндэлсэн. Гэхдээ одоо нялх байгаа учраас энэ талаар ярихад эрт байна. 2-3 жилийн дараа 4-5 нас хүрэх үед нь олонд зарлаж, сэнтийд нь зална” гэх хариултыг өгсөн билээ. Бурхны шашны “Гурван өндөрлөг” буюу Ванчин Богд, Далай лам, Богд Жавзундамба нар харилцан бие биенийхээ хойд дүрийг хүлээн зөвшөөрдөг ч Хятадаас шинээр тодруулсан Ванчин IX Богдыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд Далай лам зөвшөөрсөн байдаг. Х Богдыг тодруулахад энэ асуудал хэрхэн шийдэгдэх талаар “Ирээдүйд миний дүрийг ч хоёр тодруулж магадгүй шүү” хэмээн Далай лам хошигноод амжсан юм. 

Түүнийг айлчлах тухай яриа гарах үетэй зэрэгцэн монголчуудыг хоёр талцуулсан асуудал гарч эхэлсэн. Тэр нь мэдээж Далай ламын айлчлалыг урд хөрш маань хэрхэн хүлээж авах бол гэсэн эргэлзээ юм. Түүний энэ удаагийн айлчлалыг өндөр үр дүнтэй боллоо гэж манай талаас дүгнэж буйгаа хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн. Гэсэн хэдий ч таамаг ёсоор Хятадын тал түүний айлчлалыг таашаасангүй. Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын Монгол Улсад хийж буй айлчлалыг хориглохыг Хятадын эрх баригчид шаардсан гадны хэвлэлүүд мэдээлж байв.

Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жен Шуан “Бид Монгол Улсаас хоёр орны найрсаг харилцааг хүндэтгэн, Төвөдийн асуудлаарх байр суурьтаа үнэнч байж, Далай лам болон түүний хүмүүсийг тус улсад айлчлахыг хориглохыг хатуу шаардаж байна” хэмээн ярьсан байна. Харин үүний хариуд Гадаад хэргийн яамнаас “Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Монгол Улсад ес дэх удаагаа номын айлчлал хийхээр болсон нь Монголын Засгийн газрын ямар ч оролцоогүйгээр зохион байгуулагдаж байгаа гэдгийг мэдэгдэж байна” хэмээсэн. 

Тэгвэл XIV  Далай лам  энэ удаагийнхаа айлчлалыг улстөрийн ямар ч зорилгогүй гэдгээ онцлоод "Байнга ийм зүйл болдог юм. Би хаана ч очсон Хятадын талаас эсэргүүцсэн бичиг хүргүүлдэг. Би дэлхий дээрх бурхны шашинтай улс орнуудаас Монгол, Япон хоёрт л очиж чадаж байна. Бусдад нь чадахгүй байна. Би уг нь бурхны шашинтай хэрнээ бурхны шашинтай улс орнуудад очиж чадахгүй байгаа шүү дээ гэж тоглоом болгож ч хэлж байгаа.

Жишээ нь Хятадаар аваад үзэхэд тэнд 400 сая гаруй бурхны шашинтай хүмүүс бий. Тэд намайг айлчлаач гэж байнга сануулж хэлдэг. Бодит байдал дээр ярихад 1974 оноос хойш би тусгаар тогтнолын талаар ярихгүй, санаа дэвшүүлэхгүй байгаа. Хятадын тал бол намайг салан тусгаарлагч гэж үзэж байгаа. Би тусгаар тогтносон улс болох гэж тэмцэхгүй байгааг дэлхий нийт мэддэг. Зарим хүн намайг үүнд буруутгадаг. Яагаад тусгаар тогтнолын төлөө тэмцэхгүй, явахгүй байгаа юм бэ гэж буруутгадаг. Би анхнаасаа “Бид ялна, тэд ялагдана” гэсэн санаагаар биш хоёуланд нь тустай байх юмсан гэсэн бодлоор хандаж байсан” хэмээсэн юм. 

Ийнхүү XIV  Далай лам Монгол Улсад ес дэх удаагаа айлчлаад “Та бүхэн хэрэв намайг хайрладаг, хүндэлдэг бол бурхны шашныг шинжлэх ухаанчаар судлаарай” хэмээн захиад буцлаа. 

Г.НАРАН