Дорнод аймгийн Халхгол сумын нутагт байрлах "Петрочайна Дачин тамсаг" компанийн гэрээт компани болох “Зөв боломж” ХХК-ийн хэсэг ажилчид махны агуулахад хадгалж байсан үл мэдэгдэх шингэнийг архи гэж андууран устай хольж уусны улмаас хордлогод орсон байна. Энэ талаар өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл өглөө.
ЭМЯ-ны Тандалт судалгааны хэлтсийн дарга Д.Нарангэрэл ““Петрочайна Тачин тамсаг” компанийн туслан гүйцэтгэгч “Зөв боломж” компаний ажилчид махны агууллахад байсан шингэнийг архи гэж андуурч найруулж уусны улмаар эдгээр иргэд хордсон. Одоогийн байдлаар энэхүү шингэнийг уусан байх магадлалтай 23 хүн байна. Мөн тэнд ажилладаг 200 гаруй ажилчдыг эрүүл мэндийн үзлэгт оруулж, асуумж тандалт судалгаанд оруулахад эдгээр хүмүүсээс 18 нь уг шингэнийг 2-8 балгаар хэрэглэсэн байсан. Мителийн буюу техникийн спирт уусан байх магадлалтай гэсэн дүгнэлт урьдчилсан байдлаар гарсан" гэв.
Энэ хэрэгтэй холбогдуулан Эрүүл мэндийн яам, Цагдаагийн байгууллага, Мэргэжлийн хяналтын байгууллага болон орон нутгийн холбогдох газрууд 24 цагийн бэлэн байдалд ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн 212 хүнд тандалт судалгааг хийхэд тус шингэнийг хэрэглэсэн байж болзошгүй 23 хүн байжээ.
Цаашид өвчтөний биеийн байдал хүндрэх, архаг ужиг илрэх эрсдэл өндөр байгаа аж. Насны хувьд 20-30 насныхан байгаа бөгөөд нүд нь бүрэлзэх, нүдний салст хавагнах, ам цангах зэрэг шинж тэмдэг илэрч байгаа гэнэ. Эдгээр шинж тэмдгийг харгалзан үзэхэд урьдчилсан байдлаар техникийн спирт уусан байх магадлалтай гэж үзэж байгаа хэмээн холбогдох албаныхан хэллээ. Гэхдээ эцсийн дүгнэлтийг МХЕГ гаргах юм байна.