Нийслэлийн Засаг дарга С.Батболд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд нийслэлийн төр захиргааны байгууллагаас шалтгаалсан ямар ч саад бэрхшээлийг шийдэхэд бэлэн гэдгээ юун түрүүнд амлав. Нийслэлийн хөгжилд чухал шаардлагатай төсөл хөтөлбөрүүд хувийн хэвшлийн оролцоо дэмжлэггүйгээр хөгждөггүй гэдгийг хотын дарга тодотгоод одоогоор Улаанбаатар хотын хэмжээнд 650 сая ам.долларын төсөл хөтөлбөр хэрэгжиж буй. Жишээ нь “Цэвэр агаар” төсөл гэхэд Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр 15 сая ам.доллараар хэрэгжиж байна. Мөн Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр гээд Азийн Хөгжлийн банк Европын хөгжлийн банкны хамтарсан төсөл бий. 60 гаруй сая ам.доллараар хөрөнгө оруулалттай. Зорилго нь, Улаанбаатар хотыг эсгий хот гэх нэрнээс салгах төсөл. Харамсалтай нь, одоогоор эсгий хот маань улам л тэлээд байна. Энэ төсөл маань Улаанбаатар хотын дэд бүтцийн хангамжийг сайжруулахад чиглэсэн. Нэлээн томоохон ажлууд хийгдсэн. Гэхдээ цаашид энэ ажлуудаа системтэй хийх тал дээр анхаарах ёстой зүйл бас олон байна гэсэн юм.
Цаашдаа нийслэлд хэрэгжих томоохон төслүүдийг хотын дарга танилцуулахдаа хувийн хэвшилд эдгээр төслүүдэд оролцох эрх нээлттэй байгааг илэрхийлэв. Ингээд түүний танилцуулсан төслөөс сонирхуулъя.
Хятадын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих дөрвөн том төсөл бэлэн болжээ. Жишээ нь: Улаанбаатар хотын дундуур явж байгаа төмөр зам дээгүүр гүүрэн гарц барих төсөл. 30,3 сая ам.долларын өртөгтэй. Төслийн тендер зарлагдаад гүйцэтгэгч нь шалгарсан. Хөрөнгө оруулалтаа хүлээж байгаа.
Яармагийн шинэ гүүр барих 3 сая ам.долларын төсөл үүний нэг юм.
Өөр нэг чухал төсөл бол нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх 4 том хэсэгтэй төсөл. Энэ төслийн хамгийн чухал ач холбогдол нь Улаанбаатар хотод саадгүй зорчих нийтийн тээврийн шугамыг бий болгох аж.
Улаанбаатар хотын гурван дүүргийг төвтэй холбодог зүүн тийшээ гарсан замыг шинэчлэх төсөл /Налайхын замын засвар шинэчлэлт/ Мөн Австрийн 7 сая еврогийн төсөл орж ирэхээр болсон аж.. Энэ бүх төслийн хүрээнд хийгдэх ажлууд 2018 он гэхэд хэрэгжиж дуусахаар төлөвлөгдсөн юм.
2017 оноос АНУ-ын Мянганы сорилын сангаас хоёр том төсөл хэрэгжүүлэхээр судалгааны шатандаа ажилллаж байгаа гэв. Улаанбаатар хотын усан хангамжийг сайжруулах тэр тусмаа гэр хорооллын усны хэрэглээг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлэхээр томоохон судалгааны ажлууд хийгдсэн байна. Гол нь Улаанбаатар хотын хэрэглээний усыг цэвэршүүлж, саарал усыг цахилгаан станцууд ашиглах технологи нэвтрүүлэх судалгааг хийжээ. Улаанбаатар хотын газрын гүнээс авсан маш үнэтэй цэвэр усны 20 хувийг ДЦС-ууд нь ашигладаг.
Хамгийн чухал төсөл бол мэдээж цэвэрлэх байгууламжийг барьж байгуулах. Хотын захиргааны зүгээс Засгийн газарт концессын гэрээгээр энэ төслийг хэрэгжүүлдгээрээ хэрэгжүүлээч гэсэн хүсэлт тавьжээ. Улаанбаатар хот бие даагаад хуучин цэвэрлэх байгууламж дээрээ технологийн шинэчлэл хийх асуудлыг хариуцахаар санал оруулсан гэнэ. 2017 оноос энэ төслийг хэрэгжүүлэх шаардлага бий.
Ер нь, аар саархан төслөөс илүүтэйгээр Улаанбаатарчуудын ирээдүйн эрх ашгийн төлөөх томоохон төслүүдээ шийдэх боломжийг маш сайн эрэлхийлэх ёстой гэсэн бодолтой байгаа гэдгээ С.Батболд дарга илэрхийлээд бизнесийнхэнтэй энэ бүхэн дээр хамтарч ажиллах болно гэлээ.