Одоогоос дөрвөн сарын өмнө Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын Хөгжлийн банк байгуулагдсанаас хойш үйл ажиллагаа, санхүүжилтийн эх үүсвэр, зарцуулалт, төслийн сонгон шалгаруулалт, төслийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан. Шалгалтын дүн болон цаашид авах арга хэмжээний талаарх саналаа 2016 оны 9 дүгээр сарын 10-ны дотор Засгийн газарт танилцуулахыг ажлын хэсэгт даалгасан байдаг.
Тэгвэл УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын талаарх ажлын хэсгийн мэдээллийг энэ долоо хоногийн мягмар гарагт сонсохоор болсон билээ. Гэсэн хэдий ч УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан тав хоног хойшлуулах санал гаргаснаар түр хойшиллоо. Учир нь Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын тайланг байнгын хороо хуралдахаас гурван цагийн өмнө гишүүдэд тарааж өгсөн гэнэ. Улмаар саналын дагуу Хууль зүйн байнгын хорооны дарга Ш. Раднаасэд тав хоногийн завсарлага өгсөн юм.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Хөгжлийн банкнаас гарсан зээлийн 60 гаруй хувийг МАН-ын гишүүдийн компани авсан. Хэвлэлээр ил болоогүй МАН-ын гишүүдийн компаниуд ч байгаа тэднийг ил болгоход бэлэн байна” хэмээн мэдэгдээд амжсан. Тэгвэл олон нийт АН энэ асуудлаар завсарлага авч, МАН-д бодох хугацаа өгч байна хэмээн хардаж байгаа юм.
"Чингис” болон "Самурай” бондын зарцуулалтыг АТГ-аас анхааралдаа авч шалгаад удаж байна. Мөн энэ хэрэгт Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нарын хүмүүс татагдаж шалгагдаж байгаа. Тэгвэл Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатыг өнгөрсөн 10 дугаар сард саатуулсан.
Хөгжлийн банкны үйл ажиллагаанд шалгалт хийх ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр ахалж байгаа бөгөөд тэрбээр хяналт шалгалтынхаа тухай “Шалгалт хийх явцад ноцтой зөрчлүүд илэрсэн. Наад зах нь төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн сонгон шалгаруулалт тодорхойгүй, зээл олголт холбогдох хууль журамд нийцээгүй, зээлийн эрсдэлийн ямар ч судалгаа, төсөв төсөөлөлгүй санасан зоргоороо салхинд хийсгэж, сарвууныхаа салаагаар урсгаж байсан юм уу даа гэж санагдсаныг нуух юун. Өгсөн зээлийг авсан этгээд чухам юунд хэрхэн зарцуулж байгаад гүйцэтгэлийн хяналт тавьдаг механизм алдагдсан нь илт байна.
Арилжааны банкууд тав арван сая төгрөгийн зээл өгөх гэж ямар өндөр шалгуур нарийн хяналт тавьдаг билээ дээ. Гэтэл хэдэн тэрбумаар нь зээл олгодог Хөгжлийн банк дэндүү хайнга болчимгүй, халаглаж харамсмаар ажиллаж ирсэн нь хачирхалтай. Барьцаа хөрөнгө нь барьцгүй, ханшийн эрсдэл нь харалган, борлуулалтын төлөвлөгөө нь хий хуйтай, зээл эргэн төлөгдөх эх үүсвэр нь иш мухаргүй, зээлийн хорооны тэмдэглэл ч байхгүй ийм л байдалтай явж ирж. Үүнээс гадна тус банкны дотоод үйл ажиллагаа, удирдлагуудтай холбоотой ноцтой зөрчлүүд ч илэрсэн” хэмээн мэдэгдсэн удаатай.
Тэгвэл энэ ажлын хэсгийн шалгалтын дүнг байнгын хороонд хойшлуулсан нь Хөгжлийн банкнаас олон нийтэд мэдэгдэж болохгүй “но”-той зүйл олноор илэрсэн гэх хардлагыг үүсгээд байгаа юм.
Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр шалгалтын явцад Хөгжлийн банканд 1.3 их наяд төгрөгийн санхүүгийн зөрчил илэрсэн гэдгийг мэдэгдсэн. Ямартай ч энэ шалгалтын дүнг ирэх долоо хоногт байнгын хороонд танилцуулах бололтой.
Г.НАРАН