04.25

Төр засаг чаддаггүй юм бол малчдад мэдлийг нь өг

Жил жилийн хавар манайд түймэр их бага хэмжээгээр гарч тэрийг тухайн орон нутгийн хэмжээнд л чимээгүйхэн дараад өнгөрөхийг хичээдэг. Гэтэл энэ хавар нэг л биш ээ. Олон хавар нэгэндээ гэгчээр Булган аймгийн Баяннуур сумын Засаг даргын хариуцлагагүй байдлаас үүдэж 52 сайхан адуу амьдаараа шатсан хэрэг намжиж амжаагүй байтал энэ сарын 13-нд гарсан түймэр өдгөө Зүүн гурван аймгаар тархаж, Түмэнцогт сумын л гэхэд 90 хувь нь түймэрт юу ч үгүй шатаж дуусаад байна.

Тэгвэл, энэ хэний буруу вэ? Хэдийгээр зарим нэг иргэдийн хайхрамж, болгоомжгүй байдлаас үүдэлтэй ч нөгөөтэйгүүр ийм чухал үед төр засгаас авч байгаа нэг бодлогот цогц арга хэмжээ гэж алга. Дуучин С.Жавхлан очлоо л гэнэ, баахан тусламж очлоо л гэнэ. Шадар сайд нь очлоо л гэнэ, 34 саяар нисч ирлээ л гэнэ. Адаглаад сумын засаг дарга нарт онцгой тохиолдолд хэрэглэх хорь гаруй сая төгрөгийн нөөц байх ёстой атал саяын их түймрийн үед хэрэглэе гээд гаргахад 500 мянган төгрөгтэй л байсан гэх.

Нэг талаар энэ хэрэг манай төрийн түшээд Тавантолгой, Оюутолгой, уул уурхай, ашигт малтмал гэсээр эргээд хүн байгалиа хадгалж, хамгаалах улс үндэстний оршин тогтох үндсийг мартсан гэдгийг гашуунаар сануулсан явдал боллоо.

Нөгөөтэйгүүр төр газар нутаг, байгаль орчноо хадгалж хамгаалж, зохицуулж чаддаггүй юм бол өнө эртнээс өдий зэрэгтэй авч ирсэн малчдад тэр мэдлийг нь олгочих. Наанадаж нутаг бэлчээрээ харийн хүмүүсээр ухаж сэндийчүүлэхгүй, цаанадаж малынхаа тоо толгойг хэмжээнд нь барих гээд олон асуудлыг өөрсдөө шийдэж, хариуцлагаа ухамсарласнаар нутаг орноо унаган төрхөөр нь хадгалж, үр хойч минь нутаг устайгаа үлдэхэд чухал гарц болж чадна.

Б.Хишигдэлгэр