12.02

С.Сүхбаатар: Та бүхний мэддэг Амараа биш, царай зүс нь танигдахын аргагүй болсон

"Хар сарнай" хамтлагийн ахлагч С.Амармандах бусдад зодуулсан талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл дуучны биеийн байдал болон болсон хэрэг явдлын талаар С.Амармандахын ар гэр, ойр дотны хүмүүс хэвлэлийн бага хурал хийж, тайлбар өглөө. Хэвлэлийн хуралд түүний аав С.Сүхбаатар, "Хар сарнай" хамтлагийн дуучин Маадай буюу Б.Баяржаргал, "Сүнс" хамтлагийн дуучин Б.Лхагвасүрэн, өмгөөлөгч Г.Батбаяр нар оролцлоо. 
Улмаар хэвлэлийн хурлын үеэр "С.Амармандахын биед халдсан хүний нэрийг хэлэх боломжгүй. Хуулийн байгууллагууд түүнийг гадуур байцааж байгаа. С.Амармандах хэвлэлүүдэд мэдээлээд байгаа шиг Оросын Элчин сайдын яамны ажилтантай "Hi, Гитлер" гэж мэндлээгүй. Тэр хоёрын дунд өмнө нь ямар нэгэн маргаан болоогүй. Амарааг зодсон этгээд Оросын элчингийн өмнөөс энэ бүхнийг хийчихсэн зүйл биш. Тэр хүн согтуурхаж хөлчүүрхсэн байдлаасаа болоод ийм авир гаргаж, танхайрсан байх. Хуулийн байгууллага үнэн мөнийг тогтооно" гэдгийг онцолсон. 
Дуучин Б.Лхагвасүрэн ""Хар сарнай" хамтлагийн дуучин С.Амармандах хүнд зодуулж, бэртсэн энэ үйл явдал 11 дүгээр сарын 22-нд болсон. Энэ өдөр нийслэлийн тодорхой удирдлагуудын санаачилсан "Аз жаргалтай Улаанбатар" арга хэмжээ Хан-Уул дүүргийн "ONE EVENT" концерт зааланд болж, дуучин С.Амармандах түүнд "Би Монгол", "Аз жаргал хүсье", "Үзэсгэлэнт монгол бүсгүй" гэсэн гурван дуугаа дуулж оролцсон байгаа юм. Энэ үеэрээ дуучин үндэсний хас тэмдэгтэй хувцас өмссөн байсан. 
С.Амармандах дуулж дууссаныхаа дараа хувцсаа сольж, гэр рүүгээ явахаар концертын танхим коридорт явж байх үед нь цагаан цамцтай, сахалтай хүн түүнийг барьж авч, хүнд металл зүйлээр цохисон. Баарны зөөгч залуу түүнийг очиж болиулсан. Болсон явдлыг харсан гэрч байгаа. Хэрэг үйлдсэн хүн нь ч тодорхой, ганц хүн. Тэр хүн цагдаагийн байгууллагад очиж мэдүүлэг өгсөн. Өнөөдөр бидний мэдээлэл хийж байгаа гол учир шалтгаан нь хэвлэлүүд болсон явдлын талаар буруу мэдээлэл тарааж, олон нийтийн сүлжээнд Орос, Монголын харилцааны асуудлыг сөхөж, олон нийтийг турхирсан, буруу ойлголт өгсөн зүйлсийг тарааж байгаатай холбоотой юм. Хэргийг холбогдох хүмүүс нь шалгаж байгаа болохоор монголчууд маань хүлээцтэй хандахыг хүсч байна. С.Амармандах эмнэлэгт ухаангүй хүргэгдэж, хэд хоног ухаангүй байсан. Өнөөдрийн байдлаар ухаан орж, хүн танихтайгаа болсон ч биеийн байдал л маш хүнд байгаа" гэсэн юм. 
С.Амармандахын аав С.Сүхбаатар "Надад маш хүнд байна. Би  энэ арваад хоногт хүүгээ танихгүйд хүрлээ. Та бүхний мэддэг Амараа биш, царай зүс нь танигдахын аргагүй болсон. Дипломат ёсыг би мэднэ. Тэр танхай этгээд өөрийнхөө хувийн үзэл бодлоор далайлгаж хүүг минь хохироосон. Нүүрэндээ хүнд бэртсэн. Оёдлоо авхуулж байгаа. Цаанаа тархиндаа нөж хурчихсан байна. Надад үнэхээр хэлэх үг олдохгүй байна" гэсэн бол "Хар сарнай" хамтлагийн гишүүн Б.Баяржаргал "Амараа бид хоёр хамтлаг байгуулаад 20 жил болж байна. Би найзыгаа сайн мэднэ. хүмүүсийн яриад байгаа шиг харь хэлээр яриагүй. Монголын хууль үнэн мөнийг тогтоогоосой гэж хүсч байна. Найз минь удахгүй урлагийн тайзнаа гялалзана гэж найдан хүлээж байна" хэмээлээ.