12.05

Х.Дуламсүрэн: Жаргалтай биш гэж үү

Уруулны чинь хээнд зүрх өнгө зассан, угтаа бол чиний уруул зүрхний хэмжээг минь тогтоосон
Харцны чинь сайханд сэтгэл уягдсан, хаашаа ч одоо бултах гарцгүй, сэтгэл чиний нүдээр гэрэлтэх болсон
Ухааны чинь ураар бодлоо шагласан, үйл заяа минь одоо чиний алганы хээтэй ижилсэж ирсэн
Хайрын чинь халуунд хамаг биеэрээ уусан шингэн, хайр чинь намайг хүчирхэг , ялдам гэгээхэн болгоно...
Хайраа олсон, эзэн нь болсон би эгэлгүй азтай яа...
Хэвлийгээс минь чиний төрх, чиний үнэр, чиний гар, хөлүүд ургасан, үржсэн , цэцэглэсэн
Хэзээ ч салахгүй том жижиг дэлбээ бидний голоос цоморлигоо нээсэн
Хэний ч өмнө бид одоо нэг амь, нэг мод, нэг уул болсон
Хэнхдэг цээжнээс салахгүй хайрын солонгоор гагнагдаж,
тэр солонгоор бидэн сэтгэл, зүрх, амьдралаа гоёж яваа
Жаргалтай биш гэж үү...
Х.ДУЛАМСҮРЭН