12.05

Засвар механикийн заводын ажилчдын мэргэжлийн баяр боллоо


Жил бүрийн 11 сарын сүүлийн 7 хоногт болдог Машин үйлдвэрлэгчдийн баярыг Эрдэнэт үйлдвэрийн  Засвар механикийн заводын хамт олон энэ удаа “Мэргэжлийн баяр” болгон тэмдэглэлээ.  “Мэргэжлийн баяр”-ын үйл ажиллагааг үйлдвэрийн бусад цехүүдийн механик, инженер техникийн ажилтнуудыг урьж оролцуулсан уулзалтаар эхлүүлсэн байна. “Энэ жил бид мэргэжлийн баяраа  тэмдэглэдэг хэвшлийг өөрчилж, ажил хэрэгч хэлбэрээр зохион байгуулья гэж шийдсэн. Тиймээс цехүүдийн механикуудтай уулзаж, шууд харьцаж ажилдагийн хувьд тэдний санаа бодлыг сонсож, харилцан ярилцах, мөн цехийн үйл ажиллагаагаа танилцуулья гэсэн зорилгоор энэ уулзалтыг зохион байгуулж байгаа” гэж ЗМЗ-ын дарга Б.Баасансүрэн ярилаа.
     Механикуудын уулзалтанд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн  Хөгжлийн бодлогын газрын дарга Д.Нэмэхбаяр оролцож,  “та бүхэн зөвхөн баяр тэмдэглэх хэмжээнд бус өөрсдийн ололт амжилт, хийсэн бүтээснээ хуваалцаж, хамтран ярилцаж байгаа нь сайшаалтай үйл явдал болж байна. Цаашид улам өргөжүүлж, ач холбогдлыг нь дээшлүүлэх хэрэгтэй”  гэж үнэлсэн юм.
      “Мэргэжлийн баяр”-ын хүрээнд Засвар Механикийн Заводын ажиллагчид  ажил мэргэжлээрээ  уралдлаа. Ажил мэргэжлийн уралдаан токарьчин, гагнуур металл хийц угсрагч, гүүрэн краны машинч,  цутгуурын цехийн хэвчин, голч бэлтгэх  гэсэн 5 төрлөөр явагдаж, ур чадварын гүйцэтгэл болон онолын мэдлэгийн түвшингээр дүгнэж, байр эзлүүлэв. Токарьчид 16 К20 токарийн машинаар  зургийн дагуу 1 цаг 30 минутын хугацаанд  угсаргааны эд анги болох  гайк зорж, ур чадвараа сорьсон бол краны машинч хонгилоор ачаа зөөвөрлөх, туг сүлжих, нүдэн баримжаагаар байг онож, ачаа буулгах зэргээр ур чадвараа сорьсон. Токарьч, гагнуурчин, металл хийцийн угсрагчдын   бүтээлийг техникийн гоо зүй, шугамын хэмжээс зэргийг харгалзан шалгаруулсан. Токарьчдоос Механик цехийн Б.Угтахбаяр түрүүлж, Мөн цехийн Т.Түвшинтөр, Э.Гэрэлт-Од нар удаалав. Гүүрэн кранчдаас Цутгуурын цехийн Р.Мөнхтүшиг түрүүлж, Механик цехийн Н.Энхцэцэг, Д.Байгалмаа нар удаах байрт шалгарлаа. Гагнуурчин, металл хийц угсрагчдын уралдаанд  Г.Эрдэнэбилэг ахлагчтай баг түрүүлж, Б.Батсүх, Г.Бат ахлагчтай багууд удаалав. Цутгуурын цехийн хэвчид гол бэлтгэгч бага /4,5/ зэрэгтэй ажилчдын тэмцээнд хэвчин Д.Чинбат түрүүлж, П.Батзаяа, Ц.Эрдэнэсүх нар удаах байрт шалгарав. Өндөр /5,6/ зэрэгтэй ажилчдын тэмцээнд Б.Мягмарсүрэн түрүүлж, Ц.Дэмбэрэл, Б.Баатархүү, Д.Урнаа нар удааллаа. Мөн уралдаанд түрүүлсэн ажилтны мэргэжлийн зэргийг 1-ээр ахиулан, шилжин явах цом, мөнгөн шагнал гардуулсан юм.