“Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах өнгөрсөн сарын 22-нд “Жаргалтай Улаанбаатар” цэнгүүнд ая дуугаа өргөх үеэрээ бусдад зодуулж, хүнд гэмтэл аван одоо ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм.
Түүнийг амнаасаа болж зодуулсан гэх мэдээлэл гадуур гараад байгаа ч ар гэрийнхэн нь найз нөхөд нь мэдээлэл хийхдээ “Тийм зүйл болоогүй” гэдгийг няцаасан юм. Харин С.Амармандахыг ОХУ-ын дипломат төлөөлөгч зодсон гэх.
Дээрх хүндэтгэлийн арга хэмжээнд С.Амармандах маань дуучин, бүжигчдийнхээ хамт очиж уран бүтээлээ толилуулсан.
Тэрбээр зохион байгуулагчдын хүссэнээр “Би монгол хүн”, “Аз жаргал хүсье”, “Үзэсгэлэнт бүсгүй” гэх гурван дуу дуулсан. Уран бүтээлээ хүргэхдээ хас тэмдэгтэй урлагийн хувцсаа өмссөн байсан. Тоглолтын дараа арга хэмжээнд оролцож буй хүмүүст хүндэтгэл үзүүлсэн байдаг.
Тэгэхдээ хас тэмдэгтэй дээлээ тайлж костьюмаа өмссөн байдаг. Харин Амрааг зодуулсан асуудлыг хотын дарга харанхуй өрөөнд нуусан гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн юм. Тиймээс өмгөөлөгч Г.Батбаяр хотын удирдлагуудыг хуулийн байгууллагаар шалгуулах хүсэлтээ хүргүүлсэн гэх мэдээлэл цацагдаж эхлэв.
Энэ хэргийн талаар ЦЕГ-ын Олон нийттэй харилцах хэлстийн мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад “ Иргэн А-гийн өмгөөлөгч нэр бүхий хүмүүст эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр цагдаагийн байгууллагад гомдол хандсан гэх мэдээлэл цацагдаж эхэллээ. Одоогоор хотын дарга С.Батболд, Улаанбаатар хотын захирагч С.Сундуй нарт холбоотой өргөдөл гомдлыг цагдаагийн байгууллагаас шалгаагүй байна.
Хэргийн тухайд гэвэл энэ сарын 22-нд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 43 настай хүн бусдад зодуулсан байна гэх мэдээллийг цагдаагийн байгууллага авсан.
Мэдээллийн мөрөөр ХУД-ийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс шалгаж, хохирогчоор иргэн А-г тогтоож, Эрүүгийн хуулийн 181.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Одоогоор албан ёсоор тухайн иргэний өмгөөлөгчөөс ирээгүй байна. Энэ хэргийг Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу прокурорын байгууллагын хяналтад шалгагдаж байна” гэлээ.
О.Сайхан