Америкийн Юта мужийн Грийн-Ривер хотод 25 настай Уэстон Ветере гэгч этгээд саатуулагджээ. Тэрбээр энэ оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр бут, сөөг шатааснаас болж томоохон гал түймэр тавьсан билээ. Түүний унаж явсан автомашин зам дээр гацсан тул мань хүн аврал эрэн гал тавьсан байна. Холгүйхэн дүрэлзэх галыг хараад тэнд амьдардаг хүмүүс галынхныг дуудсан аж.
Дуудлагаар гал сөнөөгчид, цагдаа нар иртэл Ветере гал дунд автомашиндаа тайван гэгч сууж байсан гэнэ. Онцгой байдлынхан галыг бүрэн унтраахад хоёр цагийг зарцуулжээ. Болчимгүй эрийн үйлдлээс болж 16 га газар шатсан бөгөөд ойролцоох байшингууд галд золтой л өртчихөөгүй байна.
Хууль сахиулагчид Ветерегээс гэрчийн мэдүүлэг автал сонирхолтой нь тэр өөрөө гал тавьсан гэдгээ хүлээв. Машин нь унтарсан тул гар утасгүй тэрбээр туслалцаа хүсэхээр гал тавьсан гэдгээ өгүүлжээ. Түүнийг санаатайгаар гал тавьсанд буруутган орон нутгийн шоронд хүргэсэн аж.