12.14

Аймгуудын зам, даваа цасанд хаагдаж иргэдэд тусламж үзүүлэхэд хүндрэл гарч байна

Монгол орны 90 гаруй хувьд цасан бүрхүүл зузаан тогтсон байгаа билээ. Зарим газраараа цасны хэмжээ их байна гэдгийг ч албаныхан хэлж байгаа юм. Цас ихтэй аймгуудын орон нутгийн замд машин тэрэг явахад хүндрэлтэй байна.

Тухайлбал, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Увс, Ховд, Хөвсгөл зэрэг аймгийн орон нутгийн чанартай зам, даваа цас орох, шуурах үеэр хаагдаж, иргэдэд үзүүлэх эрүүл мэнд, нийгмийн халамж үйлчилгээнд ихээхэн хүндрэл бэрхшээл үүсэх явдал гарсаар байна. Мөн Ховд, Завхан, Хөвсгөл аймгуудын уулархаг нутгаар өвөлжиж байсан малчид цас их орж байгаа тул мал сүргээ тарга тэвээрэг алдаагүй байгаа дээрээ говийн бүс рүү отор нүүдэл хийх ажлыг аймаг, орон нутгийн удирдлагуудтай хамтран зохион байгуулж эхэлжээ.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан орон нутгийн удирдлагууд, малчдын зүгээс улсын нөөцийн өвс, тэжээлийн үнийг хямдруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх автомашин шинээр олгох, цасанд суусан, боогдсон, эрэн хайх, аврах ажиллагааны дуудлага нэмэгдэж байгаа тул шатахууны асуудлыг шийдвэрлэх, цасанд хаагдсан зам, давааг нээх зориулалтаар ачигч, түрэгч ковш, туулц сайтай автомашин олгож өгөх хүсэлтийг ирүүлсэн байна.

Монгол Улсын Засгийн газраас тодорхой асуудлуудыг шийдвэрлэн ажиллаж байгаа бөгөөд манай оронд үйл ажиллагаа явуулж байгаа донор улсууд, хүмүүнлэгийн тусламжийн байгууллагууд өвөлжилт, хаваржилтыг хохирол багатай даван туулахад хамтран ажиллах, туслалцаа дэмжлэг үзүүлэх, бэлэн байдалд ажиллах саналаа илэрхийлжээ.

О.Сайхан