Та бүхний харж буй уг зураг бол фотошоп биш. Эдгээр алдартнууд бол угтаа жинхэнэ Ким Кардашиан, Доналд Трамп, Канье Уэст, ханхүү Харри биш юм. Зураг дээрх хүмүүс бол алдартнуудтай адилхан дүр төрхтэй жүжигчид аж.
Гэрэл зурагчин Алисон Жексон алдартнуудыг тэдгээртэй адил царай төрхтэй хүмүүсээр орлуулж хөгжилтэй зургийн түүвэр хийдэг гэдгээрээ олонд танил болжээ.
Зурган дахь хүмүүс бол шувтарч буй 2016 онд хамгийн их сенсааци тарьсан хүмүүс гэнэ. Тодруулбал реалити шоуны од Ким Кардашиан Парист дээрэмдүүлсэн хэрэг, түүний нөхөр реппер Канье Уэст биеийн байдал муудсан мөн Доналд Трамптай нөхөрлөлөө “бататгасан” зэрэг үйлдлээрээ олныг гайхшруулаад авсан. Зурагт Ким болон Канье нарын бага хүү Сэйнт Уэст мөн багтжээ.
Зургаас хамгийн алдартай нь АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп. “Эрхэм Ерөнхийлөгч өө” хэмээн дуудуулах цаг тун удахгүй ирэх түүний хувьд энэ жилийн онцлох хүн байлаа.
Британийн ханхүү Харри мөн хүндэтгэлийн хувцастайгаа зурагт багтсан байх агаад тэрбээр Америк жүжигчин бүсгүй Меган Марклтай болзож байгаа. Тэдний уулзсан учирсан, ямар бэлэг сэлт нэгэндээ өгсөн авсан нь хэвлэлийн хамгийн сонирхолтой мэдээллүүдийн нэг байсаар байна. Тэрбээр найз бүсгүйнхээ тоглосон цуврал киноны DVD-г гартаа барьжээ.
Зурагт дотуур хувцастай үзэсгэлэнт бүсгүй нисч байгаа нь Викториас Сикретийн сахиусан тэнгэрийг төлөөлүүлжээ. Дэлхийн хамгийн алдартай загварын наадам болох “Викториас Сикрет-2016” Францын Парист хотод амжилттай зохион байгуулагдаж урт хөлт үзэсгэлэнт бүсгүйчүүдээр дэлхий нийт нүдээ хужирласан билээ. Энэ бол мөн энэ оны онцлох үйл явдал хэмээн зурагчин Алисон Жексон үзжээ.
Зургийн захад ганган хослолтой цаг үргэлж гар утсаараа ярих хүн бол шоу ертөнцөд өөрийн байр сууриа хэдийн бататгасан Саймон Коуэлл. Тэрбээр ханхүү Харригийн адил шинэхэн цомог барьсан нь “X factor” шоуны оролцогч Олли Мурсын цомог байлаа.
www.zone.mn