Унтах нойр минь орхиод явжээ
Уртхан шөнийг хэрхэн давна
Хөрвөөн хэвтэж хөнжилөө тийчлээд
Хөлөө давуулан түрүүлгээ харна
Орчин үеийн дэвшилтэд технологи
Орос, Хятадаас давсан Кореа чанарт
Удаан ширтвэл хараа муутгадаг
Утасныхаа дэлгэцийг маажин хялайна
Еврэй залуугийн кодыг нь бичсэн
Ер хүмүүсийн учрах болсон
Нүүр номын кибэр ертөнцөөр
Нүдээ чилээн мөрөөдөн аялна
Танихгүй хүүхнээс чат ирэх нь
Танилцая гэсний дохио ч юм шиг
Үг өдөн анхаарал татах нь
Өнөө шөнө завтай ч гэх шиг
Болзох уу гэсэн богино асуултаа
Бодох ч юмгүй шуудхан хэлэв
Хэзээ гэх хэгжүүн хариулт нь
Хэмжээгээ мэд гэж хэлт сануулав
Одоо л гэж ойлгомжтой хатгавал
Оройтсон гэх шиг шалтагаа дэлгэв
Болгоомжилсон өнгө аяс нь
Болоогүйээ гэсний илрэл ч юмуу
Алдах зүйл нэгэнт алга
Аавын хөвгүүнд нойр ч алга
Туршлага аз хоёртоо найдан
Тулгаж асуухаар зүггүйтэн шийдэв
Тэгье гэсэн хариуг л
Тэсэн ядан хүлээе дээ гэж
Тэнгэрт нисгэх үү нүхэнд унагах уу
Тэрийгээ л та бушуухан шийд ээ гэж
Эрхилэн байж сонжин бичлээ
Эргэх эсэхийг үл мэднэм
За хэмээх завхай хариултыг
Залбиран байж харах л үлдлээ
Зам нийлэх үү, задгай энгэрт
Зайтай байх уу, битүү энгэрт
Завсрын үггүй, зовох зүйлгүй
Залуу хүний халуун хүслээр гэж
Шүлэглэн байж хэллээ
Шүүгч нь ганцхан та шүү
Зөвшөөрвөл онц авчээ би
Зөрүүдэлбэл муу тавьжээ та
Дунд дүнг хүлээж авахгүй
Дур минь тэгвэл ахиж эвлэхгүй
Нартайд гэх налиг тайлбарууд
Надад хэрэггүйг онцлон дурдав
Эгц хариулахаас илт зугтаж
Эхлээд бодьё ч гэх шиг …
Халз учрахаас халшран дөлж
Хариад хэлье ч гэх шиг …
Хариултаа золбин гөлөг шиг төөрүүлбэл
Харилцаагаа гэрлийн утас шиг таслая
Үгээ төмөр зам шиг тойруулбал
Үргэлжлэлээ нарийн жим шиг төгсгөе …
Үүр цайжээ, бие суларч
Үхэтхийн нам унтав
Үд болжээ, бие сэргэж
Үдшийн аниргүй гасалсаар л угтав …