Төрийн өндөр албан тушаалд томилогдсон эрхмүүд төрийн хайр хишгийг дааж чадалгүй улсын мөнгийг завшиж, үрэгдүүлэн улсад онц их хэмжээний хохирол учруулж байгаа тохиолдол цөөнгүй гардаг. Өнгөрсөн онд гэхэд авилга албан тушаалын гэмт хэргийн улмаас улсад 46 тэрбум 478.3 сая төгрөгийн хохирол учиржээ. Мөрдөн байцаалтын явцад 2 тэрбум 921.3 сая төгрөгийг нөхөн төлүүлсэн бол шүүхээс ердөө 8 тэрбум 847 сая төгрөгийг улсын орлого болгосон байна. Харин шүүхийн шийдвэр гарсны дараа хэдийг нь нөхөн төлүүлж, улсын орлого болгосон гэх тоо баримт хараахан олдсонгүй. Тэгэхээр барагцаалаад үзвэл, төрийн өндөр албан тушаалтнуудын улсад учруулсан 46 тэрбум төгрөгийн 40 хүрэхгүй хувийг л улсын төсөвт эргэн төлүүлж байна. Үлдсэн 60 хувийг нь эргэн төлүүлж чадахгүй байна. Бараг л төрийн мөнгийг идэж, төсвийн хөрөнгийг завшсан нь тухайн хүмүүсийн аз болоод үлдэж байгаа бололтой.
Хэрвээ улсад хохирол учруулсан төрийн өндөр албан тушаалтнууд хохирлоо 100 хувь эргэн барагдуулж, үүнд хяналт тавих эрх бүхий байгууллагууд нь хяналтаа бүрэн дүүрэн тавьж чадвал тулгамдаад буй асуудлуудын нэг болох сургууль цэцэрлэгийг хэд хэдээр нь барьж болохоор мөнгөн дүн харагдаж байна. Өнөөдөр хүүхэд харах үйлчилгээ гэх зүйлийг албан хүчээр гаргаж хэрэгжүүлээгүй бол нөхцөл байдал улам л хүнд байдалд орохоор байсан. Хэдэн мянган хүүхэд "цоожтой хаалга"-ны цаана үлдэж, сургуулийн өмнөх насны боловсролоо авч чадахгүй нөхцөл байдал үүсээд байгаа. Гэтэл хэн нэгэн эрхтэн дархтан төрийн мөнгийг шамшигдуулж байна. Түүнийгээ эргүүлээд хэзээ ч төлөхгүй байгаа нь ариун явдал уу.
Өнөөдөр хүүхдийн эмнэлгийн хүрэлцээ тааруу байгаагаас шалтгаалж хэдэн арван хүүхэд эмнэлгийн коридорт хэвтэж байна. Баригдаж эхлээд гацсан төрөх эмнэлгийн барилгыг ч гэсэн энэ мөнгөөр үргэлжлүүлэх боломжтой. Гэвч улсад учруулсан хохирлын ердөө 40 хүрэхгүй хувь нь эргэн төлөгддөг нь туйлын харамсалтай.
Саяхан болсон “Авлигын эсрэг” өдрөөр Хүний эрхийн Үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж нэгэн сонирхолтой санааг дэвшүүлэв. Тэрбээр “Төрийн өндөр албан тушаалтнуудын улсад учруулсан хохирлыг нь эргэн төлүүлээд, төлсөн мөнгө нь улсын төсөвт буцааж хураагдана. Өгсөн авлига ч биш, авлигаас олсон орлого буруу үйлдэл явуулсан бүх хөрөнгийг нь хурааж аваад улсын төсөвт оруул. Орсон мөнгөөр нь эмнэлэг цэцэрлэг барьж, ядуу хэцүү байгаа нийгэмдээ зориулая” гэх санааг дэвшүүлэв. Нээрээ ч түүний санааг дэмжиж, улсад учруулсан хохирлыг бүрэн төлүүлж чадвал ядаж л элгээрээ хэвтсэн эдийн засгийг сэргээхэд бага ч болтугай нэмэр болно.