12.23

Алунболд ахын сумтай 5 хөвүүнийг шинжихүй

Ардчилсан намынхан Чингис хааны тухай ярьж цээжээ дэлдэх дуртай. МАН-ынхан Сүхбаатар жанжинг ярьж улс төр хийх дуртай. Тийм ч учраас тэд сонгууль болон аливаа чухал зүйлдээ өөр өөрсдийн баатаруудаараа "гоёх" сонирхолтой байдаг.

Тэр ч утгаараа Ардчилсан намынхан намын даргын сонгуулиа тэртээх XIII зуунтай холбож эхлүүлэв. Тодруулбал, өнгөрсөн даваа гарагт даргад нэр дэвшихээр мөнгөө төлсөн эрхмүүдээ зарлаж, тэдэндээ багцалсан сум гардуулсан билээ. Одоогоор АН-ын даргын үүргийг гүйцэтгэж буй З.Энхболд эрт цагийн домог болсон Алунгоо эхийн дүрд тоглож, ах дүү таван нэр дэвшигчиддээ хуучны домгийг сануулж бие биетэйгээ эвтэй байхыг анхааруулав. Олныг гайхшруулсан энэ үйлдэл адаг сүүлд нь сошиалыг шуугиулж, ар араасаа хөврөх олон элэглэлийг дагуулж орхив. Ингээд юутай ч гэсэн Алунболд ахын сумтай таван хөвүүн намын даргын төлөө нэгийгээ үзэж нэхий дээлээ тайлалцахад бэлэн боллоо. Харин гишүүдийнх нь сонголт хэн байх бол гэдэг л сонин байна. Яг үнэндээ Ардчилсан нам гэдэг нам өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд дотооддоо үнэхээр галтай байсан. Үүнийхээ ч горыг амсаж сонгуульд хамраараа газар хатгасан шүү дээ. Тиймээс энэ бүхний дараа намдаа тохирсон, гишүүдийнхээ итгэлийг дааж чадах, ард түмэнд итгэл төрүүлэхүйц намын даргатай болох л чухал болоод байна. Тэгвэл энэ таван хүнээс чухам хэн нь намын дарга болох боломжтой вэ, хэн нь ямар замнал туулж ирсэн бэ гэдгийг шинжиж үзэх нь зүйтэй.

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ /Эрдэнүдэй/

Сошиал ертөнцөөр Эрдэнүдэй гэх гайхалтай нэрийг авсан эрхэм гишүүн С.Эрдэнэ намын даргын сунгаанд тун хүчтэй өрсөлдөх эрхмүүдийн нэг. Намдаа бол байр суурьтай, өөрийн гэсэн фракц бүлэглэлтэй нэгэн. Харин өнгөрсөн жилүүдэд түүний нэр холбогдож байсан олон таагүй мэдээллүүд хэвлэлийн хуудсаар дүүрэн байдаг. Нийгмийн даатгалыг бүх шатанд нь удирдаж ирсэн тэрбээр даатгалтай холбоотойгоор нэр хүнд нь нэлээн унасан билээ. Ардчилсан намын лидерүүдийн нэг бол яах аргагүй С.Эрдэнэ. Тэрбээр “Шинэчлэлийн засгийн газар”-т ч сайд байсан “Шийдлийн засгийн газар”-т ч сайд хэвээрээ л байсан. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газарт өөрийн жолооч, бие хамгаалагч, хамаатан саднаа бүгдийг албан тушаалтай болгож чадсан гэж өнгөрсөн дөрвөн жилд хэвлэл болгон шуугисан. Тиймдээ ч тус дүүргийг “Эрдэнэ вангийн хошуу” хэмээн цололсон нь бий.  Тиймээс хэтэрхий олон удаа итгэлийг нь алдаж, элдэв асуудалтай нэр холбогдож байсан гэдгийг нь санавал магадлал тун бага л байх болов уу.

УИХ-ын гишүүүн Д.Эрдэнэбат /Эрдэнэбатүдэй/

УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон энэ эрхмийн талаар харин гарт баригдаж, нүдэнд үзэгдэх муу мэдээ тун цөөхөн юм. Сэлэнгээс гаралтай түүнийг нутгийнхан иь тун ч их дэмждэг. Тийм ч болохоор хоёр дахь удаагаа энэ жил сонгосон. Бүлгийн даргаар ажиллаж байхдаа хүн бүрийг загнаж, зандарч байгаад Буян Жагаад "Халзан шүгэл" хэмээн загнуулж байсан түүхтэй. Өөр бусад нь гайгүй. Гэхдээ өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд намынхаа гол бодлогод оролцож байсан, сайдын албан тушаалыг дөрвөн жил гүйцэтгэсэн гэдгээрээ өнөөгийн энэ эдийн засгийн хямрал, нам доторх хямралууддаа зайлшгүй хариуцлага хүлээх ёстой хүн бол УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат юм. Харин намын гишүүд нь түүнд хэр зэрэг итгэл хүлээлгэх бол доо.

УИХ-ын гишүүн, сайд асан Лу.Гантөмөр /Ганхатаги/

Дараагийн нэр дэвшигч бол УИХ-ын гишүүнээр гурав дараалан сонгогдож, боловсролын салбарыг удирдаж явсан Л.Гантөмөр юм. Сошиал ертөнцөөс Ганхатаги гэх нэр авсан тэрбээр намын даргын сонгуульд ялах магадлалтай, хүчтэй өрсөлдөгчөөр яалтчгүй нэрлэгдэж байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд боловсролын салбарын сайдаар ажиллаж байсан юм. Гэвч түүний үед боловсролтой холбоотой маш олон асуудлууд гарч байлаа. Мөн мүүнтэй холбоотой асуудлууд ч түүнтэй холбоотой. Сурагчдын дүрэмт хувцасны асуудал болон сурах бичигтэй холбоотой маргаанууд гарч байлаа. Гишүүнээр сонгогдсон даруйдаа намын дарга болно гэсэн том амбиц гаргаж явсан Л.Гантөмөр энэ удаагийн сонгуульд хамгийн эртнээс идэвхитэй оролцож ирлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан /Зандан салжи/

"...Батмөнхийг хаан ширээнд залаад би өөрөө хатан нь болно..." гэдэг шиг Р.Амаржаргалыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлээд өөрөө намын дарга болох амбиц тээж яваа эрхэм бол Ж.Батзандан. УИХ-д хоёр дараалан сонгогдоод буй түүний хувьд сүүлийн үед өнөөх поп өнгө аясаа нэлээн хаяж байгаа нэгэн юм. Анх иргэний хөдөлгөөнөөс улс төрийн гараагаа эхлүүлсэн тэрбээр өнөөдөр Ардчилсан намын лидерүүдийн тоонд орж явна. Түүний нэр холбогдсон таагүй мэдээ тун ховор бөгөөд сонин хэвлэлүүдээр поп хэмээн бичигдэхээс хэтрэхгүй. Зарим хүмүүс ч АН-д Ж.Батзандан шинэчлэл хийнэ хэмээн ярилцах нь ч байна. Ямартаа ч Зандан салжи гэх алдар хүртсэн тэрбээр АН-ын даргын санал асуулгыг хол тасархай тэргүүлж явна.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг /Алтан мунхаг/

Ардчилсан намыг найман жил базаж намаа ялалтанд хүргэж байсан эрхэм бол Н.Алтанхуяг. Дарга болохын тулд сонгуульд ороогүй цорын ганц хүн бол тэр. Намын дарга болохын төлөө биш Ерөнхийлөгчийн эсрэг, шударга зүйлийн төлөө өрсөлдөнө гэж хэлсэн түүний үг олныг гайхшруулав. Өнгөрсөн жилүүдэд өөрийнхөө яриад байгаа хонгилдоо хамт байж, харсаар ирсэн хүн бол Н.Алтанхуяг билээ. Магадгүй нэр нөлөөгөөрөө намын даргын өрсөлдөөнд жин дарах эрхэм бол тэр. Гэвч өнгөрсөн жилүүдэд намаа удирдаж байсан болон Ерөнхий сайдаар ажиллахдаа эдийн засгийг дампууруулж, их хэмжээний зээл авсан нь түүнд хор болж магадгүй.

Б.Анир
Эх сурвалж: www.zaluu.com